sonin.mn
Монголчууд бид сүүлийн үед хууль гэдэг гууль боллоо хэмээн бухимдах болоод буй. Ямар сайндаа л “Монголын хууль гурав хоног” хэмээн егөөдөх вэ дээ. Тэгвэл Олон улсын хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, багш нар манай улсад чуулах гэж байна. 
 
Тодруулбал, “Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа-эрдэмтдийн уулзалт” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх сарын 17,18-нд Хөвсгөл нуурын эрэгт зохион байгуулахаар болжээ. Энэ талаар ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн захирал, цагдаагийн хурандаа З.Дашдаваагаас тодрууллаа. 
 
-Хууль сахиулахын их сургууль жил бүр уламжлал болгон олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг. Энэ удаагийн хурлын зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл өгөөч?
 
-Их сургуулийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил байдаг. Үүний нэгэн адил Хууль сахиулахын их сургууль хууль сахиулах салбарын онол, эрх зүй, арга зүй, боловсрол судлал, технологийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тогтмол явуулж байна. 
 
Бид хийж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудаа жил бүр олон улсын хурлаар хэлэлцэж уламжлал болоод байгаа ба “Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа-эрдэмт¬¬дийн уулзалт” нь манай их сургуулиас зохион байгуулж буй 5 дахь олон улсын хурал юм. 
 
Энэхүү хурлын гол зорилго, ач холбогдол бол эрх зүйн салбарын шинэчлэл, тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудал, хилийн аюулгүй байдал, гамшигтай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хууль сахиулах салбарын хүний нөөц бэлтгэх сургалтын агуулга, технологийн асуудал зэрэг олон асуудлыг хэлэлцэж нэгдмэл нэг ойлголтод хүрэх, цаашдын хамтын ажиллагаагаа тодорхойлоход оршиж байна. 
 
-Таны хувьд ямар асуудлыг хэлэлцүүлэх вэ?
 
-Цагдаагийн сургуулийн захирлаар ажиллаж байгаагийн хувьд цагдаагийн байгууллагын дээд боловсролтой боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх чиглэлээр явуулж буй сургалтын агуулга, технологи, орчин нөхцөл, хамтын ажиллагааны талаар илтгэл хэлэлцүүлнэ.
 
Ер нь цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд маш олон байгууллага, хүмүүстэй харилцах шаардлага гардаг. Хамтын ажиллагаа, зөв харилцаа нь цагдаагийн байгууллагын амжилтын үндэс болдог. Иймээс манай сургуулийг төгсөн гарч байгаа цагдаагийн офицерууд нь энэ чиглэлд суралцаж, бэлтгэгдсэн байх ёстой. 
 
-Энэ хурлаас ямар үр дүн хүлээж байна вэ?
 
-Бид энэ хурлаар хууль сахиулах байгууллагуудын олон асуудлыг хэлэлцэх ба үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хилийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, гамшигтай тэмцэх, шүүх шинжилгээний үйл ажиллагааг боловсронгуй болгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг сайжруулах, боловсронгуй болгоход чиглэсэн олон үнэтэй зөвлөмж гарна гэдэгт итгэлтэй байна. 
 
-Ер нь хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа хэт дэвшилттэй байгаа вэ?
 
-Энэ арга хэмжээнд Хууль зүйн яам, түүний харьяа байгууллага, агентлаг, их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, хил залгаа ОХУ, БНХАУ болон хамтын ажиллагаагаар нягт холбоотой Турк, Казакстан, Солонгос, Япон зэрэг улсуудын хууль сахиулах байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцоно. 
 
Хууль сахиулах байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд зайлшгүй нэг нэгэнтэй хамтран ажиллах шаардлага байдаг учраас Хууль сахиулахын их сургууль Хууль зүйн яамны харьяа бүх агентлагуудтай хамтын ажиллагааны “Санамж бичигт” гарын үсэг зурсан. Түүнчлэн гадаад орнуудын ижил төстэй их сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг.
 
Бид санамж бичгийн хүрээнд маш олон ажил, ялангуяа эрдэм шинжилгээ, сургалтын технологийг сайжруулах, ирээдүйн хүний нөөцөө чанартай бэлтгэх үүднээс аль аль талаасаа идэвх санаачлагатай ажилладаг.
 
Эх сурвалж: