sonin.mn
Манай улсад инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэдэг ганц сургууль байдаг нь ШУТИС. Харин өнгөрсөн жил техник технологийн нэгэн хувийн дээд сургууль үүдээ нээсэн нь “Шинэ Монгол” технологийн дээд сургууль юм. Тиймээс энэ удаад тус сургуулийн захирал, техникийн ухааны доктор Ч.Ганзоригийг “Ярилцах цаг” буландаа урилаа.
 
-Танай сургууль өнгөрсөн жил анхны элсэгчээ авсан. Нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа хэр жигдэрч байна. Өнгөрсөн нэг жилийг юу гэж дүгнэхээр байна вэ?
 
-”Шинэ Монгол” технологийн дээд сургууль 2013 онд зөвшөөрлөө авч, 2014 ондоо хичээлийн байраа барьж нээлтээ хийсэн. 2014-2015 оны хичээлийн жилд зургаан мэргэжлийн хөтөлбөрөөр 50 орчим оюутан элсүүлсэн. Манай сургууль дээд боловсролд дутагдаж буй сургалтын стандарт, суралцах арга технологит шинэчлэлийн салхи авчирсан.
 
Дэлхийн нэг номерийн инженерчлэлийн сургууль болох MIT/Massachusetts Institute of Technology/Массачусетсийн технологийн их сургуулийн сургалтын хөтөлбөр, үнэлгээний системийг хэрэгжүүлсэн Монголын анхны сургууль боллоо.
 
Өнгөрсөн намар оюутнуудаа хүлээж авахад суурь боловсролын төвшин харилцан адилгүй байсан. Хавар оюутнуудаасаа шалгалт авч дүнгийн байдал, математик, физик, химийн хичээлдээ жигд дээшилсэн, илтгэх чадвар, англи хэлний төвшин, оюутны хөгжлийн төлөвшлийг тэргүүлэх их сургуулиудын оюутнуудтай жишихүйц хэмжээнд хүрсэн гэж дүгнээд суралцаж байгаа оюутнууддаа талархаж байна.
 
Манай хамт олны нэг жилийн амжилт оюутнуудаас авсан санал асуулга, хөндлөнгийн үнэлгээний дүнгээс харагдаж байсан.
 
MIT-гээс гадна миний техникийн ухааны доктороо хамгаалж, зургаан жил судлаач багшаар ажилласан TIT /Tokyo Institute of Technology/ Токиогийн технологийн их сургуулийн сургалтын тогтолцоог амталсан хүний хувьд Монгол хөрсөн дээр буулган нутагшуулж бодит ажил болгох нь миний мөрөөдөл байсан.
 
Японы ахлах сургуулийн тогтолцоог мэдэрч “Шинэ Монгол” ахлах сургуулийг байгуулан амжилттай ажиллаж байгаа Ж.Галбадрахтай хамт “Шинэ Монгол” технологийн дээд сургууль /New Mongol Institute of Technology, NewMIT/-ийг байгуулан дэлхийн шилдгүүдийн нэг, өөрийн өвөрмөц дүр төрх, хэв загвартай их сургууль болгоно гэдэгтээ нэг жилийн дараа улам бүр итгэх болсон. Өнгөрсөн хичээлийн жилийг дүгнэхэд анхны оюутан, багш болон ажилтан нартайгаа хамт амжилттай, үр бүтээлтэйгээр ажилласан байна.
 
-Инженер, технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг ганц сургууль бол ШУТИС. Харин “Шинэ Монгол”-ын хувьд технологийн дээд сургууль гэдгээрээ ШУТИС-тай өрсөлдөхүйц хэмжээний инженер, технологийн боловсон хүчинг бэлтгэхээр зорьж байгаа гэж дүгнэвэл болох уу?
 
-ШУТИС Монголд инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэдэг гэдэгтэй маргах хүн үгүй. Урт удаан түүхтэй сургууль. Манай сургуулийн хувьд монголынхоо аль ч их сургуультай өрсөлдөх байдлаар ажиллахгүй, харин ч хамтран ажиллах болно.
 
Аль болох тэдний дутуу орон зай, Монголд зайлшгүй шаардлагатай инженерчлэлийн чиг хандлага, дэлхийд инженерийг яаж бэлтгэдэг стандартыг тогтоож сургуулийнхаа хэв загварыг гаргахыг хүсч байгаа. ШУТИС-тай харьцуулахад сургалт, судалгаа, оюутанд өгөх мэдлэг, олгох ур чадвар нь нэлээд өөр тогтолцоогоор ажиллана.
 
Дэлхийд тэргүүлэх инженерчлэлийн чиглэлийн профессоруудын заах арга болон оюутны үнэлгээний систем, багш-оюутны хамтран суралцах шинэ чиглэл, хичээлээс гадуурх үйл ажиллагаа хүртэл нэлээд өөр соёл, дэг жаягтай. Бид одоохондоо төгсөгчгүй байна. Тиймээс урьдчилан манай төгсөгч сайн, муу гэж хэлэх боломжгүй.
 
Сургуулийн бодлого стратеги, удирдлага, менежментийн болон академик багийн хамгийн гол зүйл бол дэлхийн аль ч оронд ажиллаж чадах, хэл болон компьютерийн өндөр мэдлэгтэй, харьцаа, хүмүүжлийн зөв төлөвшилтэй зөв инженер, зөв боловсон хүчин бэлтгэхэд алсын хараа, гол бодлого хөтөлбөрөө чиглүүлж байна.
 
-Сүүлийн үед өндөр технологи, өндөр мэргэжил гэдэг үгийг түлхүү ашиглах боллоо. Тэгэхээр өндөр технологи, өндөр мэргэжлийн инженер гэж юуг хэлээд байгааг тодорхойлж өгөөч?
 
-Өндөр технологи /high tech/ гэдэг үг манайд нэлээд хэрэглэгдэх болсон. Өнөөгийн элсэгчид, ирээдүйн төгсөгчид XXI зууны инженер, технологич, зохион бүтээгч байх ёстой. Өндөр технологи гэх олон улсын нэр томъёо нь тодорхой технологиор бүтээж байгаа бүтээгдэхүүний нийт зардлаас их сургуулийн профессор багш, оюутнуудын хийх судалгаанд зарцуулж байгаа мөнгөний хэмжээгээр яригддаг.
 
Жишээлбэл, нэг бүтээгдэхүүнийг 100 төгрөгөөр үйлдвэрлэдэг бол үүний 5-7 болон түүнээс дээш төгрөгийг шинэ мэдлэг бүтээх судалгаанд зориулж, гарсан шинэ бүтээгдэхүүнийг олон улсад өндөр технологиор бүтээлээ гэж ойлгодог. Өндөр технологийн судалгааны болон аж үйлдвэрийн салбарт ажиллах мэргэжилтэнг их сургууль тодорхой хөтөлбөрөөр бэлтгэнэ. Манай дээд сургуульд өндөр технологитой холбоотой мэргэжлийн хэд хэдэн хөтөлбөрөөр оюутан элсүүлнэ.
 
Техник технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед үйлдвэрлэгч компаниуд их сургуулийн судалгаанд хөрөнгө зарахгүйгээр өндөр технологиор бүтээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэж хэлэхэд хэцүү. Өнөөгийн хувьд хамгийн их чанартай сургалт, судалгаа шаарддаг бүтээгдэхүүнд та бидний хэрэглэдэг гар утаснаас эхлээд био болон нано технологийн аргаар бүтээсэн олон шинэ бүтээгдэхүүн зүй ёсоор нэрлэгддэг.
 
Эдгээр нь бүгд оюутны гар оролцсон өндөр технологийн судалгааны дүнд бүтэж байгаа. Бүтээж байгаа хүмүүс нь ихэнхдээ өндөр технологийн инженерчлэлийн чиглэлээр суралцсан оюутнууд байдаг. Тэд ирээдүйн өндөр мэргэжлийн инженерүүд болдог. Инженер гэдэг үг монголоор “дархан” гэдэг үгтэй дүйх юм. Монголчууд “дархан хүн бурхан ухаантай” гэж ярьдаг шүү дээ.
 
Судалгааг өргөн цар хүрээтэйгээр хийдэг газар бол их сургууль. Энд ажиллаж байгаа профессор багш, оюутан, судлаач, инженерүүд хамтарч судалгаа хийдэг, үр дүн нь шинэ мэдлэг, шинэ бүтээгдэхүүн, шинэ аж үйлдвэр болж байдаг. XXI зууны аж үйлдвэрлэлийн өнгийг тодорхойлох технологи бол хүмүүсийн сайн мэдэх био, нано технологийн инженерчлэлээс гадна мэдээллийн болон хагас-дамжуулагчийн технологи юм.
 
Дэлхийн тэргүүлэх их сургуульд суралцах өнөөгийн оюутнууд энэ чиглэлд голлон суралцаж байна. Манай сургууль нь өндөр технологийн инженерчлэлийн анхны сургууль болж, анхны оюутнуудаа элсүүлэн сургалт судалгааны бааз сууриа нэлээд сайн бэхжүүлсэн. Бид аж үйлдвэртэйгээ хамтарч ажиллаж, өндөр технологийг бүтээх, энэ салбарт ажиллах хүний нөөцийг олон улсын стандартад нийцүүлэн чанартай сургалтын орчинд бэлтгэхэд гол анхаарлаа хандуулж байна.
 
-Шинэ сургууль болоод ч тэр үү өнгөрсөн жил цөөн элсэгч авсан юм шиг санагдлаа. Энэ жил хэчнээн элсэгч авахаар төлөвлөөд байгаа вэ?
 
-Энэ жил инженерийн чиглэлийн мэргэжлийн найман хөтөлбөрөөр 120-160 оюутан элсүүлнэ. Өндөр технологи, үүн дотор био-нанотехнологийн инженерчлэл, уламжлалт инженер болох механик, цахилгаан, барилга хот байгуулалт, мөн Монголд зайлшгүй шаардлагаар гарч ирж байгаа хүрээлэн буй орчны инженерчлэл, үйлдвэрлэлийн автоматжуулалт гэсэн хөтөлбөрөөр оюутан элсүүлнэ.
 
Нэг хөтөлбөртөө 15-20 оюутантай хичээллэдэг. Нэг багшид ногдох оюутны тоо 5-6 байх юм. Энэ нь дэлхийн тэргүүлэх их сургуулиудын чухал үзүүлэлтүүдийн нэг бөгөөд сургалтын чанар, оюутан суралцах үйл явцад эерэгээр нөлөөлдөг.
 
Бид энэ хавар ахлах ангийн сурагчдад зориулан сургуулийн кампус танилцуулах нээлттэй өдөрлөгийг хоёр удаа зохион байгуулж давхардсан тоогоор 1000 орчим сурагч, эцэг эхчүүд сургалтын орчинтой танилцаж, сэтгэл өндөр байсан. Ялангуяа, оюутны чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд зориулсан урлаг спортын дугуйлан секц, техник технологийн клубын үйл ажиллагааг ихээхэн сонирхож байсан.
 
Манай дээд сургууль нь ахлах ангийн 11, 12 ангийн сурагчдад зориулан ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхдаа их сургуульд үзэх математик, физик, хими, биологи, мэдээлэл зүй, англи хэлний хичээлийг үзэж судлаад их сургуульд ороод кредит авах, их сургуулийн хичээлийг давхар судлан кредит шилжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
 
Энэ нь хүүхэд их сургуульд ороод дөрвөн жил суралцах хугацааг 3-3.5 жил хүртэл багасгахаас гадна хос мэргэжлээр сурах боломжийг олгох юм. Мөн инженерээс гадна эдийн засаг, хууль, анагаах зэрэг олон хөтөлбөрөөс хичээл сонгон судлах, гадаадын их сургуулиудад дадлага хийх боломж нээгдэнэ. Салбарын яамнаас энэ чиглэлд олон ажил хийхээр төлөвлөж байгаа юм билээ.
 
-Их сургуулиудыг судалгааны сургууль болгох зорилт тавиад байгаа. Танай сургууль  мөн ийм зорилготой юу?
 
-Их сургуулиудын хөгжлийн чиг хандлага сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болоход чиглэж байгаа. Дэлхийн тэргүүлэх их сургуулиудад энэ үйл явц ерөнхийдөө дуусч байна. Өндөр хөгжилтэй орны их сургуулиуд судалгаанд суурилсан буюу “энтрепренер” тогтвортой хөгжлийн үзэл баримтлалттай их сургууль болох хандлага руу явж байгаа.
 
Энтрепренер гэдэг нь нэг талаас байгалийн ухаан, инженерчлэл, нөгөө талаас хууль, менежмент, бизнес, гарааны компани буюу өндөр технологийн бизнесийн үндэс суурь гэж ойлгож болно. Энэ хоёрыг хамтарсан байдлаар хослуулж ажиллах үйл явцыг энтрепренер гэж хэлээд байгаа юм. Инженер хүний гол суурь бол байгалийн ухаан буюу математик, физик, хими, биологи.
 
Бид нэг жилийн хугацаанд энэ салбаруудын гол тулгуурийн сууриа хүчтэй тавьсан. Энэ тал руу бид явж байна. Тиймээс судалгаанд хөрөнгө, хүчээ хаяхаас өөр аргагүй. Оюутнуудаа нэгдүгээр дамжаанаас нь эхлэн энтрепренер, био-нанотехнологийн бизнесийг хэрхэн, яаж хийх ёстой, ямар бэлтгэл хангасан байх зэргийг зааж эхлээд байна.
 
Манай оюутнууд үндсэн гол хичээлүүд үзэхээс гадна био-нанотехнологи буюу өндөр технологийн судалгааг нэлээд хүчтэй хийнэ. Зөвхөн дотоодын их, дээд сургуулийн баазад тулгуурлахаас гадна гадны их сургуулиудад судалгаа хийлгэнэ. Тухайлбал, өндөр технологийн чиглэлээр судалгаа хийх сонирхолтой зургаан  оюутан, гурван залуу багш Японы шилдэг их сургуулиудад үйлдвэрлэлийн танилцах дадлага хийхээр явсан.
 
Мөн хоёр багш, хоёр оюутанг Тайваны их сургуульд богино хугацааны танилцах, туршлага судлах, дадлага хийлгэх гэж байна. Эдгээр гадаадын их сургуульд хийж байгаа танилцах дадлага нь цаашид манай оюутнуудыг 2+2, 3+1 гэсэн хамтарсан болон солилцох хөтөлбөрөөр гадаадын их сургуулиудад суралцуулах боломжийг нэмэгдүүлж байгаа юм.
 
Тиймээс манай төгсөгчид Монголд төдийгүй дэлхийн аль ч орны их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, компанид ажиллах шаардлага хангасан байна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
 
-Судалгаа хийхэд орчин нөхцөл, тоног төхөөрөмж чухал шүү дээ. Энэ асуудлыг яаж шийдэж байна?
 
-Манай сургууль сургалт-судалгаанд шаардлагатай лаборатори, туршилтын төвийг байгуулахаар зорин ажиллаж байна. Өнгөрсөн жил гурван лаборатори, судалгааны нэг цех, технологийн нэг төв байгуулсан. Ирэх жил 5-6 лаборатори, хоёр судалгааны төвийг байгуулахаар төлөвлөж байна. Шинэ сургуульд тоног төхөөрөмж болоод дэд бүтцийг байгуулах нэлээд хүндрэлтэй асуудал.
 
Гэсэн хэдий ч сургуулийнхаа томоохон төсвийг сургалтын болон судалгааны лаборатори, төвийг байгуулахад чиглүүлж байгаа. Лабораторийн багаж, тоног төхөөрөмж гэдэг өндөр өртөгтэй. Нэг лаборатори байгуулахад хэдэн 10 мянган ам.доллараас хэдэн сая ам.доллараар яригддаг. Энэ хөрөнгийг хувийн сургууль улсаас авах боломжгүй.
 
Тиймээс эхний жилүүдэд бага дамжааны оюутантай байгаа үед энэ асуудалд түлхүү анхаарч бэлтгэж байна. Лабораторийг хэрхэн, яаж байгуулах олон арга зам бий. Гадаадын сургууль, компанитай хамтарч, хөрөнгө оруулалтаар, олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөрүүдээр бэхжүүлж болно. Манай сургуулийн хувьд өндөр технологийн лабораторийг хувийн компаниудтай хамтарч байгуулахад нээлттэй ажиллана.
 
Тиймээс компаниудын удирдлагуудад хандахад манай сургуультай хамтарч шинэ, брэнд бүтээгдэхүүн гаргах, хамтарсан аж үйлдвэрлэлийн шинэ судалгаа хийхэд нээлттэй гэдгийг уламжлая.
 
-”Шинэ Монгол” дээд сургууль нь дэргэдээ техник технологийн коллежтэй. Хоёулаа бакалавраар төгсгөж байгаа. Энэ хоёрын ялгааг хэлж өгөөч?
 
-”Шинэ Монгол” бүрэн дунд сургууль, “Шинэ Монгол” техник инженерийн коллеж, “Шинэ Монгол” технологийн дээд сургууль нь “Шинэ Монгол” Эрдмийн хүрээлэн /New Mongol Academy/ гэсэн малгайн дор өөр өөрсдийн зорилго, санхүү, хүний нөөцтэйгөөр үйл ажиллагаагаа явуулдаг. “Шинэ Монгол” техник технологийн коллежийг “Шинэ Монгол” Коосэн гэж нэрлэж байгаа.
 
Энэ сургалт нь японд байдаг боловсролын систем. Коосэн коллежид ерөнхий боловсролын дунд сургуулийн есдүгээр анги төгссөн хүүхэд элсэн ороод ахлах сургуулийн гурван жил, дээд сургуулийн хоёр жилийн хөтөлбөр үзэж, төгсөгчид нь дэд бакалавр зэрэгтэй төгсдөг.
 
Цаашид ахин хоёр жил их сургуульд суралцан бакалаврын зэрэг авах боломжтой. Харин их сургуульд ахлах сургуулиа төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн сурагчид элсэн орж инженерчлэлийн чиглэлээр манай дээд сургуульд дөрвөн жил суралцан бакалаврын зэрэгтэй төгсөнө. Цаашид үргэлжлүүлэн магистр болон доктор оюутнаар ахисан төвшинд суралцдаг.
 
-Танайх босго оноогоо яаж тогтоосон бэ?
 
-Их, дээд сургуулиуд анхны төгсөгчдөө гаргасны дараагаар боловсролын үндэсний магадлан итгэмжлэлийн жинхэнэ гишүүнээр элсдэг. Манай сургуулийн хувьд төгсөгчөө гаргаж амжаагүй учраас дэд гишүүнээр элсээд байна. Гэхдээ үндэсний болон олон улсад магадлан итгэмжлүүлэх бэтгэл ажлаа эхэлсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас тухайн жилд их, дээд сургуулиудад оюутан элсүүлэх босго онооны доод хязгаарыг тогтоож өгдөг.
 
Тиймээс яамнаас тогтоож өгсөн босго оноог давсан хүүхдүүд манай сургуульд бүртгүүлэх, элсэх бүрэн боломжтой. Бүртгүүлэхээр зорин ирж байгаа хүүхэд тус бүрийн ерөнхий сонирхол мөрөөдөлд тулгуурлан манай сургуулийн хөтөлбөрүүдийн хүрээнд өөрсдийн ирээдүйн мэргэжлийн чиг баримжаагаа хэрхэн сонгох тал дээр зөвлөгөө өгнө.
 
-Танай сургуульд элссэн оюутнуудад ямар боломж нээгдэх вэ?
 
-Манай сургуулийн шилдэг элсэгч, оюутныг дэмжих тэтгэлэг буюу энэ нь математик, хими, физик, биологи, мэдээлэл зүйн улсын олимпиадын медальт болон шагналт байранд шалгарсан элсэгчдэд 75-100, аймаг хотын олимпиадын медальт болон шагналт байранд шалгарсан элсэгчдэд 50-75 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг үзүүлнэ. Мөн техник технологийн олимпиадуудад оролцсон онцгой авьяаслаг хүүхдүүдэд 20-50 хувийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг.
 
Мөн амжилттай суралцсан оюутанд тэтгэлэг болон хөнгөлөлт дараагийн жилүүдэд ч үргэлжилнэ. Манай сургуульд 2014 оны  олон улсын болон улсын математик, хими, физик, биологийн олимпиадад амжилттай оролцож медальт болон шагналт байрт орж байсан хүүхдүүд элссэн. Олимиадын аваргуудаас гадна олон шилдэг авьяаслаг зөв оюутнууд суралцдаг. Мөн манай сургууль сургалтын таатай орчинг бүрдүүлсэн 10 давхар эко-байртай.
 
Үйлдвэрлэлийн болон танилцах дадлагыг үйлдвэрүүдэд хийх, оюутан солилцоогоор Япон, АНУ, Тайвань, Европын их сургуулиудад суралцлах олон боломжоор хангаж байгаа. Мэргэжлийн хичээлийн 60-аас доошгүй хувь нь англи хэл дээр явагдана. Мөн зуны сургалтыг танхимд болон онлайн хэлбэрээр зохион явуулдаг.
 
Үүгээр оюутнууд дутуу буюу хангалтгүй судалсан хичээлээ нөхөж үзэхээс гадна инженерийн мэдлэг, хэлний төвшин, ур чадвараа дээшлүүлэх юм. Элссэн оюутан өөрийн авьяас, зохион бүтээх чадвар, ирээдүйн инженер болох бүхий л мэргэжлийн чадамж, ёс зүй, гоо зүй, бие бялдар болон хүн болох хүмүүжлийн боловсролыг манай сургуулиас олж авна. Манай сургуулийн танилцуулга,  элсэлтийн бүртгэлийн талаарх мэдээллийг www.nmit.edu.mn цахим хаяг болон, фэйсбүүк дэх facebook.com/nmit.edu.mn пэйж хуудсаас үзээрэй.
 
Э.ОРХОН
Эх сурвалж: