sonin.mn
ТОКИО. /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Японд хийх айлчлалын үндсийг тавих зорилгоор Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишидаг ОХУ руу илгээх хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд Шинзо Абэ Путинд илэрхийлсэн тухай дипломат эх сурвалж мэдэгдэв.
 
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн лхагва гарагт утсаар яриа хэлцээ хийсэн нь сүүлийн зургаан сарын анхных нь болж байна. Төрийн тэргүүн нар өнгөрсөн 11 дүгээр сард шууд хэлэлцээ хийсэн билээ.
 
Японы Үндэсний аюулгүй байдлын хэрэг эрхлэх газрын дарга Шотаро Ячийг долдугаар сарын эхээр, Гадаад хэргийн сайд Кишидаг наймдугаар сарын сүүл юм уу, есдүгээр сарын эхээр ОХУ руу илгээх хүсэлтэй байгаагаа Абэ Путинд мэдэгдсэн гэж эх сурвалж хэлэв.
 
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ онд багтаан Японд айлчилна гэдэгт найдаж байгаагаа Абэ мөн илэрхийлсэн байна.
 
Энэ жилийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулган, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум, “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалт зэрэг олон улсын бага хурлын дараа хэлэлцээ хийх саналыг Абэ Путинд тавьжээ.
 
Хоёр орны харилцааг хөгжүүлэх яриа хэлцээг идэвхжүүлэхийн ач холбогдлыг Путин цохон тэмдэглээд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа дурджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг