sonin.mn
ЛОНДОН. /TASS/.  Тунист болсон халдлагын улмаас Их Британийн наад зах нь 30 иргэн амиа алдсан байна. Энэ тухай телевизийн “Sky News” суваг эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжилжээ.
 
Одоогийн байдлаар 15 иргэн нь нас барсан болохыг Их Британийн Гадаад хэргийн яам нотолж байна. Тунист амиа алдсан британичуудын тоо 23 болсон тухай хэвлэлүүд урьд нь мэдээлжээ.
 
Энэ халдлага нь 2005 оны долдугаар сарын 7-нд Лондон хотод болсон дэлбэрэлтээс хойших Их Британийн иргэдийн эсрэг үйлдсэн “томоохон террорист халдлага” болсныг тэмдэглэж байна. Тухайн үед Их Британийн 52 иргэн амиа алдаж байжээ.
 
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Тунисийн Сус хотод террористууд "Риу Империал Мархаба" зочид буудлын далайн эргийн наран шарлагын газар байсан хүмүүс рүү гал нээсэн байна.
 
Үүний улмаас 39 хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийг хүргэсэн хотын эмнэлэгт очсон Оросын Элчин сайдын яамны ажилтнуудын мэдээлснээр, шархадсан хүмүүсийн дотор Их Британи, Бельги, Герман, Франц, Украины иргэд болон Оросын нэг иргэн байгаа аж.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг