sonin.mn
Төсвийг хэмнэх үүднээс төрийн тансаглалыг хумих шийдвэрийг Засгийн газраас гаргаж, дарга нарын унадаг жийпийг хураахаар болсон юм. Энэхүү шийдвэрийн хүрээнд төрийн албанд 100 км-т 16 литрээс дээш шатахуун зарцуулдаг автомашиныг ашиглахыг хориглож,  эхний ээлжинд 60 орчим автомашиныг төрийн албаныхнаас хураасан.
 
Төрийн өмчийн хорооноос өгсөн мэдээллээр дарга нарын тансаг машиныг хураах ажиллагаа үргэлжилж байна. Төрийн өмчийн хорооноос нийтдээ 750 гаруй төрийн байгууллага 5000 гаруй автомашин хэрэглэдэг гэх судалгааг гаргасан. Үүний 800 гаруй нь том оврынх, 200 орчим нь дунд оврынх. Эдгээр автомашинд жилд 4000 орчим литр шатахуун зарцуулдаг байна.
 
Улмаар 100 км-т 16 литрээс их шатахуун зарцуулдаг 60 орчим автомашиныг төрийн байгууллагуудаас хураасан юм. Эдгээр автомашиныг Засгийн газрын шинээр баригдсан 400 машины багтаамжтай автобаазад байрлуулжээ.
 
Тэдгээр машиныг алслагдмал хилийн боомтуудад хуваарилж өгөөд дуусч байна гэх мэдээллийг Төрийн өмчийн хорооноос өглөө. Орон нутагт автомашины хэрэгцээ их гардаг учраас хуучин, шинэ хамаарахгүй эрэлт их байгаа ч  шаардлага хангахгүй таван автомашин үлдсэн байна.
 
Одоогийн байдлаар Төрийн өмчийн хорооноос яам, агентлагуудаас хураах 80 автомашины жагсаалтыг гаргаж хоёр үе шаттайгаар хураах юм. Эхний ээлжинд 30 автомашин хураахаар болжээ.
 
Төрийн өмчийн хорооны газрын дарга О.Сэр-Одын хэлснээр  “Төрийн албаны шатахуун их зарцуулдаг автомашин хураах Засгийн газрын тогтоол батлагдсан. Яам, агентлагуудад мэдэгдэл хүргүүлнэ. Сайд нарынхыг үлдээгээд бусад дарга нарын автомашиныг хураана. Дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга...гээд түүнээс доошхи дарга нарын шатахуун их зарцуулдаг автомашиныг хураах" юм байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг