sonin.mn
ЛОНДОН. /ВВС/. Сири болон Иракт хяналтдаа авсан газрууддаа лалын улс байгуулснаа суннит босогчид зарласнаас хойш яг нэг жил өнгөрлөө. “Лалын улс” бүлэглэл нөлөөгөө тэлсээр, Ойрхи Дорнод болон дэлхийн бусад бүс нутагт томоохон аюул заналхийлэл учруулсаар байна.
 
Тус босогчдын цэрэгжсэн бүлэглэл Иракийн хоёр дахь том хот Мосулыг булаан эзэлснийхээ дараа өнгөрсөн оны зургадугаар сарын 29-нд лалын халифт улс байгуулснаа тунхаглаж байсан юм.
 
Дараа нь тус бүлэглэл нэрээ “Ирак болон Левантын лалын улс”-аас “Лалын улс” болгон өөрчилсөн.  Мөн тус бүлэглэл лалын халифт улсынхаа толгойлогчоор Абу Бакр Аль-Багдадиг сонгож, дэлхийн бүх лалын шашинтанд түүнд үнэнч байхаа тангараглахыг уриалж байсан юм.
 
Уг уриалгын хариуд Ойрхи Дорнод, Африк болон Азийн хэт давруу үзэлтнүүдийн 20 гаруй бүлэглэл тус бүлэглэлийн толгойлогчид үнэнч байхаа амласан билээ. Дэлхийн, үүний дотор Европ болон АНУ-ын 25 мянга орчим хүн тус бүлэглэлд нэгджээ.
 
АНУ тэргүүтэй эвсэл агаараас цохилт өгөн тус бүлэглэлийн 10 мянган босогчийг устгасан байна. Гэхдээ тус бүлэглэл өнөө хэр нь томоохон аюул заналхийлэл учруулсаар байна.
 
Лалын ариун Рамадан сарын үеэр шиитүүд, христийн шашинтнууд болон бусад хүн рүү эрчимтэй халдахыг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт тус бүлэглэл дагалдагчдадаа уриалсан билээ. Үүнээс гурав хоногийн дараа Кувейт болон Тунист олон хүний аминд хүрсэн халдлагыг үйлдсэнээ тус бүлэглэл мөн мэдэгдсэн юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг