sonin.mn
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.06.30.Мягмар гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 13 минутад 55.3 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
 
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв. Энэ асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч илтгэгч нь ирээгүй, түүнчлэн Ерөнхий сайд болон Засгийн газрын бусад гишүүдийг байлцуулж хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм.
 
 
Чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан юм.
 
Төсвийн тухай хуульд “Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах” гэж заасан. Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл нь Улсын Их Хурлын тогтоолын төсөл, төсвийн гүйцэтгэлийн тайлан болон төсвийн гүйцэтгэлийн танилцуулга гэсэн бүтэцтэй юм. Төсвийн гүйцэтгэлийн тайлан нь Төсвийн тухай хуульд заасны дагуу тухайн жилийн орлого, зарлагын гүйцэтгэлийг нийт дүн, хөтөлбөр, төсвийн захирагч болон хөрөнгө оруулалтын арга хэмжээ бүрээр гаргасан тайлан, татварын зарлагыг хуулийн этгээд болон салбар бүрээр нь холбогдох эрх зүйн үндэслэлийн хамт гаргасан тайлан, худалдан авсан бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэлийн тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, хүрсэн үр дүн, түүний танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэлийн тайлан болон түүний танилцуулга зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдтэй юм. Уг тогтоолын төсөл батлагдсанаар улсын төсвийн 2014 оны орлого, зарлагын нийт хэмжээ батлагдаж, төсвийн ашиг алдагдлыг тодорхойлох боломжтой болох аж. Өнгөрсөн онд 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр удаа боловсруулж батлуулсан байна.
 
Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд улсын төсвийн 36 төсвийн ерөнхийлөн захирагчийн 735 төсвийн байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн төсвийн байгууллагууд, Хүний хөгжлийн сан болон Нийгмийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэлийг хамруулан нэгтгэж гаргажээ. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил, үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, түүний үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг нэгтгэн гаргасан байна.
 
Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 6.3 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 727 тэрбумаар дутуу, нэгдсэн төсвийн зарлага 7.1 их наяд төгрөгт хүрч төлөвлөснөөс 496 тэрбум төгрөгөөр дутуу гарсан нь уул уурхайн түүхий эд, зарим түүхий эдийн экспортын хэмжээ төсөөлж байсанд хүрээгүй, мөн эдийн засгийн өсөлт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй нь төсөют төвлөрүүлэх уул уурхайн орлого болон орлогын албан татвар, дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлого тасрахад гол нөлөө үзүүлсэн байна.
 
Улсын төсвийн гүйцэтгэлийн тухайд Монгол Улсын 2014 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 4.2 их наяд төгрөгт хүрч төлөвлөснөөс 536 тэрбум төгрөгөөр буюу 11 хувиар дутуу, улсын төсвийн зарлага 5.2 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 402 тэрбум төгрөгөөр буюу 7 хувиар бага байна.
 
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардалд нийт 969.2 тэрбум төгрөг олгосон нь төлөвлөснөөс 221.8 тэрбум төгрөгөөр буюу 17 хувиар бага байгааг тайланд дурджээ.
 
Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2014 оны нэгдсэн төсвийн орлогын гол нэр төрлийн эрдэс баялгаас төсөют төвлөрөх орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцож, түүнээс давсан хэсэг буюу нийт 39.9 тэрбум төгрөгийг Тогтворжуулалтын санд төвлөрүүлжээ, түүнчлэн 2014 онд Тогтворжуулалтын сангаас анх удаа төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө болон гүйцэтгэлийн зөрүүг нөхөх зорилгоор 118.2 тэрбум төгрөгийг улсын төсвийн орлогод шилжүүлэн зарцуулсныг төсвийн гүйцэтгэлд тусгаж тайлагнасан байна.
 
Дараа нь улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад танилцуулсан юм.
 
 
Төрийн аудитын тухай болон Төсвийн тухай хуулийн дагуу 2014 оны улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан, улсын төсвөөс санхүүжүүлсэн төсөл арга хэмжээний үр дүнд аудитын дүгнэлт хийж холбогдох байгууллагад хүргүүлсэн байна. Ингэхдээ төсвийн байгууллагууд болон улсын төсвийн хөрөнгөөр баригдах 800 гаруй барилга байгууламжийн мэдээллийг харуулсан цахим тайланг гаргаж интернэт орчинд танилцах боломж бүрдүүлжээ.
 
Үндэсний аудитын газрын дүгнэлтэд улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр орлого, алдагдал, өрийн хэмжээний хувьд 2014 онд төлөвлөсөн зорилт бүрэн хангагдаагүй, орлого гэхэд төлөвлөснөөс 727 тэрбум төгрөгөөр дутуу, түүний гол хувийг татварын орлого эзэлж байна.
 
Улсын төсвийн гүйцэтгэлийн тухайд төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах боломжийг алдсан байна гэж дүгнэжээ. Хөрөнгө оруулалтын тухайд 855 төсөл арга хэмжээний 466 нь бүрэн хэрэгжсэн, 22 нь хэрэгжээгүй, 367 нь дутуу хэрэгжилттэй байна гэсэн дүн гарсан байна.
 
2014 онд ашиглалтад хүлээн авахаар төлөвлөсөн 518 барилга байгууламжийн 54.6 хувийг нь улсын комисс хүлээн авсан байна. Үүний шалтгаан нь төлөвлөлт хангалтгүй, зураг төсөвгүй, гэрээлэгчийг сонгохдоо хугацаа алдсан, гэрээний үүргийг хэрэгжүүлэх хариуцлага сул байгаатай холбоотой гэж аудитын байгууллага үзээд ийм дутагдал жил бүр давтагдаж байгааг анхааруулсан байна.
 
Төрийн аудитын байгууллага төсвийн байгууллагуудын санхүүгийн тайланд аудит хийсний үндсэн дээр Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд олон улсын стандартын дагуу аудит хийж дүгнэлт гаргасан байна. Ингэхдээ санхүүгийн тайлангийн 91.1 хувийг зөрчилгүй гэж үзсэн бол 8.9 хувьд нь хязгаарлалттай дүгнэлт өгчээ.
 
Мөн хараат бус 45 аудитын байгууллагатай гэрээ хийж 189 аж ахуйн нэгжийн 2014 оны тайланд аудит хийлгэхэд 88.6 хувь нь зөрчилгүй гэсэн дүнтэй гарсан байна. Аудитын байгууллагууд санхүүгийн тайлангуудад аудит хийх явцдаа өөрийн эрх хэмжээний хүрээнд 540 санал зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.
 
 
Сангийн сайдын илтгэл, Үндэсний аудитын байгууллагын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Энхбаяр, Н.Номтойбаяр, Д.Дэмбэрэл, О.Баасанхүү, Ч.Хүрэлбаатар, Д.Ганбат, Д.Сумъяабазар, Д.Батцогт, Ч.Улаан, Г.Баярсайхан нар Сангийн сайд болон Монгол Улсын Ерөнхий аудитороос асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Засгийн газрын гишүүд болон яамдын холбогдох албан тушаалтнууд гишүүдийн асуултад нэмэлт хариулт өгөв.
 
Үүгээр “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг дуусгаж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Байнгын хороодод шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.
 
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.