sonin.mn
Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай зам засварын ажил ямар байгаатай МХЕГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй Ажлын хэсэг энэ сарын 26-ны өдөр газар дээр нь танилцлаа.
 
Хөдөлмөрийн болон техникийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор МХЕГ-аас гуравдугаар сард Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай замын байдлыг шалгасан. Засварыг чанаргүй хийснээс их хэмжээний эвдрэл гарч жолооч, зорчигчид эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл бүрдээд байгаа учир өөрийн хөрөнгөөр дахин засахыг МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд гүйцэтгэгч компаниудаас шаардсан юм.
 
Зам засварын компаниуд тавдугаар сарын 20-ны өдрөөс ажилдаа орсон байна. Хэдийгээр улсын байцаагчийн дүгнэлт хараахан гараагүй ч засварын ажлын явц урьдчилсан байдлаар 96 хувьд хүрч хөдөлгөөнийг нээжээ.
 
Өмнө нь өгсөн дүгнэлт, албан шаардлагыг биелүүлсэн тохиолдолд Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын шинэчлэлийн ажил баталгаажиж, байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллах юм. Зам засч байгаа компаниуд ажилчдынхаа хөдөлмөр, нийгмийн хамгаалал, аюулгүй байдалд анхаарч ажиллахыг дэд дарга Б.Бат-Эрдэнэ анхаарууллаа.
 
Улаанбаатар-Дархан, Дархан-Сүхбаатар-Алтанбулаг-Улсын хил чиглэлийн авто зам 1971 онд ашиглалтад орсон. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр 1997-1999 онд хэсэгчилсэн их, дунд засвар хийснээс хойш урсгал засвар л хийж байжээ.  Өөрөөр хэлбэл их засвар хийлгүй 44 жил болж байгаа аж.  
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг