sonin.mn
КАИР. /Xinhua/. Египетийн ерөнхий прокуорор дэлбэрэлтэд өртөн амь үрэгджээ. Аюулаас хамгаалах хүчнийхний мэдэгдсэнээр, тус улсын нийслэл Каир хотын зүүн хойд хэсэгт зогсоолд байсан машинд алсын удирдлагатай тэсрэх бөмбөг суурилуулсан байжээ. Ингээд уг тээврийн хэрэгсэл хөдлөн дэлбэрсний улмаас ерөнхий прокурор Хишам Баракат хүнд шархадсан байна.
 
Дэлбэрэлтэд нэлээд хэдэн машин өртсөн аж. Баракатыг эмнэлэгт хүргэсэн боловч тэрбээр шархаа даалгүй амьсгал хураажээ. Дэлбэрэлтийн улмаас есөн хүн, тэдний дотор оршин суугчид болон цагдаа нар шархадсан байна.
 
Одоогоос бараг хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч Мухамед Мурсиг цэргийн эргэлтээр түлхэн унагааснаас хойш Египетийн лалын босогчид цэрэг болон цагдаагийнхныг онилсон халдлага, дэлбэрэлт үйлдсээр байгаа юм. Албаны хүмүүсийн үзэж буйгаар, сүүлийн халдлагыг ч лалын хэт давруу үзэлтнүүд үйлджээ.
 
Цэргийн эргэлт хийхэд хүргэсэн, Мурсигийн эсрэг томоохон жагсаал болсны хоёр жилийн ой өнөөдөр болж байгаатай холбогдуулан Египетийн аюулаас хамгаалах хүчнийхэн өндөржүүлсэн бэлэн байдалтай байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг