sonin.mn
БРЮССЕЛЬ. /ВВС/. Удахгүй явуулах санал асуулгаар эдийн засгийн хатуу бодлогын төлөвлөгөөг дэмжихийг Грекийн сонгогчдод Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер уриаллаа.
 
Европын зээлдүүлэгчидтэй тохиролцоонд хүрч чадаагүй Грек эдийн засгийн хатуу бодлого баримтлах эсэхийг шийдэхээр ирэх сарын 5-нд бүх нийтийн санал асуулга явуулахаар болсон юм.
 
Өчигдөр хэвлэлийн бага хурал хийхдээ Юнкер, “Эдийн засгийн хатуу бодлогын төлөвлөгөөний талаарх хэлэлцээг тасалдуулсан” гэж Грекийн засгийн газрыг шүүмжилжээ.
 
“Европын Холбоо тэтгэвэр болон төрийн албан хаагчдын цалин тасалдахаас урьдчилан сэргийлэх зэргээр “хамгийн том буулт” хийсэн” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.
 
Грекийг хямралаас гаргах хөтөлбөрийн хугацааг сунгахгүй байхаар еврогийн бүсийн улсууд өнгөрсөн бямба гарагт шийдсэнээр Грек өрийн хямралд орж болзошгүй гэсэн түгшүүр улам нэмэгдсээр байна. Хямралаас гаргах хөтөлбөрийн хугацаа өнөөдөр дуусч байгаа юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг