sonin.mn
Тавхан минут болоод эргээд иртэл найзын минь машин байдаггүй. Машин байхгүй бол ачсан гэдэг хувь заяатай эвлэрч, хаашаа гэдгийг нь сураглав. Гэтэл Энхтайвны гүүрний дор байх УСПЕХ ХХК-ийн ачилтын хашаанд 15 цаг 20 минутад хүргэсэн гэж мэдээлэв. Гэтэл бид 16 цаг 58 минутад машинаа орхисон байдаг. 
 
Тус ачилтын хашаанд очиж, 15 цаг 20 минутад зогсоол дээр байсан машин яагаад танай хашаанд ирдэг юм гэх мэт үл ойлголцлоос болж камерыг нь шүүхээр боллоо. Гэтэл камер дээр нь 16 цаг 20 минут гээд гараад ирэв. Манаач тэмдэглэл дээр байсан цагийг засахдаа 16 цаг 40 минут гэсэн байлаа. Ядаж та нар ачиж ирсэн цагаа үнэн зөв тэмдэглээч гэхэд 7575.... гэсэн утаснаас яг хэдэн цагт ачигдаж ирснийг нь тодруулж болно гэв.
 
Нийслэлийн лавлах болон дээрх утас руу залгаж, машин ачиж ирсэн цаг зөрүүтэйг хэлж, тодруулж өгөхийг хүссэнд эхлээд 15 цаг 20, сүүлдээ 16 цаг 20 минут болсноо “Ах аа, амьдралын цаг, камерын цаг зөрдөг юм” гэсэн тайлбартайгаар машин ачиж ирсэн цаг тодорхойгүй үлдэв. Сүүлд нь тус ачилтын компанийн зохион байгуулагч ирэхдээ танай машин 17 цаг 20 минутад манай хашаанд орж ирсэн байна гэснээр хэдэн цагт ачиж ирснээ ч өөрсдөө мэдэхээ болиод үлдэв.
 
Гэтэл удалгүй машин эзэмшигчийн бус хажууд нь сууж явсан хүний гар утсанд “Таны төд.... дугаарт автомашиныг ачиж, тэнд байгаа тул төдөн төгрөг тушааж авна уу” гэсэн зурвас 18001200 тоот утаснаас ирэв. Нэг бодлын хажууд нь сууж яваа хүнийг тодорхойлж, гар утсыг нь олоод зурвас ирүүлсэн үү эсвэл 18001200 тоот лавлах утас мэргэн түргэн болсон уу мэдэхгүй. 
 
Хариуцлагагүй, зөвхөн мөнгө олохын тулд иргэдийг хохироодог ачилтын компаниуд удахгүй таны машиныг нэг хоногийн өмнө авчирсан, сарын өмнө чирч ирсэн гэж тохуурхаж мэдэх нь. Увайгүй, ёс зүйгүй ачилтын компаниудаа цэгцлэхгүй бол харагдсан машин болгоныг ачих хэнээ тусч, хэдэн цагт, хэдний өдөр ачиж, журамласнаа ч санах ой санамжсүй болж эхэлсэн байна.
 
Д.Лхагва-Очир
Эх сурвалж: "Монголын Үнэн" сонин