sonin.mn
ЛОНДОН. /Reuters/. Индонезийн Медан хотод орон сууцны бүсэд цэргийн тээврийн нисэх онгоц осолдсоны улмаас 100 гаруй хүн амь эрсэдсэн байж болзошгүй.
“Геркулес С-130” нисэх онгоц хоёр барилга болон нэг зочид буудлыг мөргөн шатжээ.
 
Тус улсын Агаарын цэргийн хүчний тэргүүн Агус Суприатна ослын газарт очин сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, “Онгоцонд сууж явсан 113 хүнээс амьд үлдсэн нэг ч хүн байхгүй байх шиг байна” гэжээ.
 
Одоогоор, 66 хүний цогцос олдоод байна. Гал авалцаж, өтгөн хар утаагаар бүрхэгдсэн ослын газарт томоохон аврах ажиллагаа өрнүүлж байна. Зорчигчдын олонх нь цэргийн албан хаагчдын ар гэрийнхэн болон эмэгтэйчүүд байсан аж.
 
“Геркулес С-130” нисэх онгоцыг 1964 онд үйлдвэрлэсэн байна. Гэхдээ тус улсын Агаарын цэргийн хүчний албан ёсны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, энэ онгоц эвдэрч гэмтээгүй байжээ. Медан хотод сүүлийн 10 жилд хоёр дахь удаагаа нисэх онгоц осолдсон нь энэ аж.
 
2005 оны есдүгээр сард “Боинг” 737” нисэх онгоц Меданы олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрснийхөө дараахан хүн ам шигүү суурьшсан орон сууцны бүсэд осолдсоны улмаас 143 хүн, тэдний дотор, онгоцны зорчигч бус 30 хүн амь эрсдэж байжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг