sonin.mn
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.
Монгол улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийг 1999 он баталсан. Өнгөрсөн хугацаанд уг хуульд 4 удаа намэлт, өөрчлөлт оруулжээ.
 
Одоо үйлчилж буй Галын аюулгүй байдлын тухай хууль нь галын аюулгүй байдлын чиглэлээр улсын хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагын эрх зүйн үндсийг тогтоож, үйл ажиллагааг нь зохицуулахад голлон чиглэгдсэн байна. Тиймээс шинэчилсэн найруулгын төсөлд улсын хэмжээнд галын аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагааны зохицуулалтыг тусгажээ.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Галын дуудлагад явж буй гал унтраах ангийн бүрэлдэхүүнд зам чөлөөлж өгөөгүйгээс учирсан хохирлын хэмжээ нэмэгдэх тохиолдол байдаг. Тиймээс иргэдэд энэ чиглэлийн мэдээ, мэдээлэл өгч, хамтран ажиллаж байх нь чухал.
 
Мөн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдэд галын аюулаас өөрийн амь нас, эд хөрөнгөө хамгаалах боловсрол олгох зэргээр эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллах нь зөв. Гал унтраах ажиллагаанаас илүү урьдчилан сэргийлэх нь чухал гэсэн санал хэлэв.
 
Ийнхүү хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болов.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг