sonin.mn
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
 
МонголУлсын Үндсэн хуульд “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэж хуульчилсан бөгөөд иргэний энэхүү эрхийг хэрэгжүүлэх зорилгоор 2002 онд УИХ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталсан.  
 
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд “иргэн өмчийн газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах эрхтэй” байхаар заасан.
 
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдснаар үл хөдлөх хөрөнгө барьцаалах эрхзүйн орчин боловсронгуй болж, талууд гэрээний үүргээ биелүүлэхэд чухал түлхэц болно гэж үзсэний үндсэн дээр Засгийн газар уг хуулийн төслийг боловсруулжээ.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин ажлын хэсгээс “төслийн 1 зүйлийн 53.4 дэх хэсгийн “үл маргах” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1 дэхь хэсэгт заасан” гэж өөрчлөх санал оруулж ирсэнийг гишүүд дэмжлээ.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1 дэхь хэсэгт “Эрх зүйн маргааныг энэ хуулийн 13.2-т зааснаар арбитр шийдвэрлэсэн, талууд гэрээндээ үл маргах журмаар биелүүлэхээр тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн болон цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, захиргааны шийтгэвэр, улсын байцаагчийн төлбөр тогтоосон актыг албадан гүйцэтгүүлэхээр бол уг цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, захиргааны шийтгэвэр, улсын байцаагчийн төлбөр тогтоосон акт шүүхээр баталгаажсан байна” гэж заажээ.
 
Ийнхүү хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж, байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулах болов.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг