sonin.mn
МОНРОВИ. /ВВС/. “Эбола” вирусээр 17 настай хүү нас барсан газарт Либерийн эрх баригчид хөл хорио тогтоолоо. Либери “Эбола”-г бүрэн дарж чадсан гэж ДЭМБ долоон долоо хоногийн өмнө зарласнаас хойш тус улсад уг вирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн нь энэ юм.
 
Олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоох Недовеин тосгоны өсвөр насны хүү зургадугаар сарын 28-нд вирусийн гаралтай уг өвчнөөр нас барсан нь шинжилгээгээр тогтоогдсон гэж Либерийн Эрүүл мэндийн дэд сайд Толберт Ненсва мэдэгдсэн.
 
Түүнийг “Эбола”-гийн халдвар хэрхэн авсныг тогтоохоор албаны хүмүүс ажиллаж байна. 2013 оны 12 дугаар сараас хойш Либери, Гвиней болон Сьерра-Леонд “Эбола”-гаар 11 мянга гаруй хүн нас баржээ.
 
Баруун Африкт борооны улирал эхэлсэнтэй холбоотойгоор эдгээр улсад “Эбола”-гийн тархалт нэлээд намжсан ч саяхнаас халдвар авсан тохиолдлууд шинээр бүртгэгдэх нь нэмэгдлээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг