sonin.mn
Гэр хорооллын ил задгай, нүхэн жорлон халдварт өвчин үүсгэж байгааг эрүүл ахуйч, эмч мэргэжилтнүүд онцлон анхааруулдаг бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх гарцыг манай инженерүүд эрэлхийлсээр байна.
 
ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн эрдэмтдийн 2010 онд нийслэл хотын нутаг дэвсгэрийн 200 цэгээс хөрсний дээж авч хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хөрсний бохирдол 95 хувь  нь нянгийн бохирдлын байх ётой хэмжээнээс 10-16 дахин ихээс гадна гэдэсний халдварт өвчин үүсгэгч E.Coli, Salmonelle, эмгэг төрөгч,, мөөгөнцөр зэрэг бактерууд их хэмжээгээр илэрч байжээ. Үүнд гэр хорооллын муу усны нүх, ил задгай, нүхэн жорлон онцгой нөлөө үзүүлсээр байгаа. Иймд үндэсний монгол гэрт ариун цэврийн байгууламж эн тэргүүнд шаардлагатай юм.
 
Монгол гэрт ариун цэврийн байгууламжийг бий болгох санаачлагуудыг олон хувилбараар хийх болсон өнөө үед хамгийн зөв боломжит шийдлийг гаргаж амьдралд нэвтрүүлээд байгаа Монгол Улсын зөвлөх инженер, ШУТИС-ийн докторант, Стройка ХХК-ийн захирал Түдэвийн Даваасүрэнтэй уулзаж, түүний хийсэн ажлыг сонирхсоноо та бүхэнд толилуулж байна.
 
Т.Даваасүрэн инженерийн хийсэн монгол гэрийн ариун цэврийн байгууламж нь монгол үндэсний гэрийн үндсэн хэв загварыг алдагдуулаагүй төдийгүй хамгийн боломжит хувилбарыг сонгосон гэдгээрээ онцлогтой байв. Гэрийн гаднаас болон дотор талаас нь харахад үндэсний хэв маяг нь алдагдаагүй бөгөөд гэрийн доторхи баруун хатавчнаас доош орох шат хийжээ.
 
Шатаар доош ороход тохилог орон сууц, хаусын ариун цэврийн өрөө байх бөгөөд тэнд бие засах газар, угаалтуур, ванн гээд бүх зүйлийг байрлуулжээ. Энэхүү ариун цэврийн байгууламжийг гэр хороолол болон гэр цэцэрлэг, амралт, жуулчны баазын гэрт байгуулбал нэн тохиромжтой. Мөн уул уурхайн гэр кэмпэд ч зориулж болно.         
 
Монгол гэрийн уламжлалт загварыг “ТД-4” шийдэл бүрэн хангажээ        
 
Үндэсний үнэт өв болсон Монгол гэрээ бид түүхэн цаг хугацааны туршид төгөлдөржүүлэн хөгжүүлж ирсэн. Өнөөдөр ч үндсэн хэв маяг, архитектурыг нь хамгаалан хадгалахын зэрэгцээ, улам бүр төгөлдөржүүлж, орчин цагийн хөгжил, стандартад тохируулан, эрүүл аюулгүй аж төрөх, ая тухыг нь сайжруулсаар байгаа. Хамгийн чухал нь хүрээлэн буй орчинд ээлтэй төдийгүй уламжлалаа хадгалсан монгол гэр болгон хөгжүүлэх шаардлага тулгарч байна.
 
Инженер Даваасүрэнгийн хүрээлэн буй байгаль орчинд ээлтэй монгол гэрийн ариун цэврийн байгууламж “ТД-4” загвар нь  монгол гэрийн усан хангамж, ус цэвэрлэгээ, ариун цэврийн байгууламжийн боломжит шийдлүүдийг шингээж чаджээ.
 
Тухайлбал, орон зайн эзлэхүүн төлөвлөлтийг зохистой шийдсэний дээр галын аюулгүй байх нөхцлийг хангажээ. Мөн монгол гэрийг орчин үеийн, тохилог орон сууцны жишигт  хүргэж, нийтийн ариун цэвэр, эрүүл мэндийг хамгаалсан, ард иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай аж төрөх бололцоог хангасан төдийгүй байгаль орчинд сөрөг, хорт нөлөөгүй, эко технологи болсон байна.
 
“ТД-4” загварын шийдэл нь хөрсний бохирдлыг  багасгаснаар цэвэр усны санг бохирдлоос хамгаалж, аливаа халдварт өвчний гаралтыг зогсооно. Мөн нийтийн аж ахуй, байгаль орчныг хамгаалах болон эрүүл мэндийн салбарын шаардлагад нийцжээ. Мөн хот суурин газрын тохижилтын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэдгээрээ чухал ач холбогдолтой шийдэл болжээ.
 
                                                                                                                              
 
 
Уламжлалт төрхөө хадгалсан байгальд ээлтэй монгол гэр      
 
Ариун цэврийн байгууламжийг гэрийн доор хийснээр Монгол гэрийн үндсэн архитектур өөрчлөгдөхгүй юм. Гэрийн доор 2,5 тонн багтаамжтай цэвэр усны савыг суурилуулснаар зөөврийн усны хэрэглээг хялбарчилсан байна. Хөрсөнд ямар ч бохирдол учруулахгүй. Хэрэглээнээс гарах бохирыг инженерийн шугам сүлжээнд холбож, 6 тонны багтаамжтай цооногт унаган, Германы Ака Пур цэвэрлэгээний төхөөрөмжөөр цэвэрлэнэ.
 
Цэвэрлэгдсэн саарал усаа, ногоон байгууламжийн усалгаанд ашиглах боломжтой. Гэрийн халаалт болон хэрэглээний халуун усыг сэргээгдэх эрчим хүч буюу нарны энергээр халааж болно. Цэвэр усны нөөцийн саванд галын гиндрант холбож, галын аюулын зэргийг дээшлүүлсэн байна. Гэрийн баруун хатавчнаас доош уруудах шатаар ариун цэврийн өрөөнд орно. Гэрийн зүүн урд талд аяга, таваг угаах крант байрлуулжээ.
 
Тэрэлжид байрлах “Өнөр” жуулчны баазад хүрээлэн буй орчинд ээлтэй уг монгол гэрийг 6 жилийн  өмнөөс нэвтрүүлэн, өвөл зуны аль ч улиралд саадгүй ашиглаж байна. “ТД-4” шийдэл нь нэг өрөө байрнаас хэд дахин хямд өртөгтэй төдийгүй орон сууцтай адил тав тухтай орчинд амьдрах бололцоог олгож байгаа гэдгээрээ жирийн гэрээс онцгой давуу талтай. Тус баазад өдгөө 14 гэрт “ТД-4” загвар шийдлийг суурилуулан үйл ажиллагаа явуулж байна.
 
Манай орныг зорин ирсэн жуулчин, гийчид Монголын байгалийн үзэсгэлэнт газруудад очоод жуулчны бааз дахь монгол үндэсний гэрт ая тухтай амрахаар ирдэг. Харин тэдний хувьд хамгийн бэрхшээлтэй асуудал нь ариун цэврийн байгууламж байдаг. Харин одоо монгол гэрийн “ТД-4” шийдэл нь уг бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх гарц болж байна. Энэхүү байгаль орчинд ээлтэй, ая тухтай, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан монгол гэрийн “ТД-4” шийдлийг жуулчны баазуудад жишиг болгож нэвтрүүлснээр Монголыг зорих жуулчдын цувааг өргөжүүлэх боломж бүрдэж байна.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг