sonin.mn
Бээжин хотын Засгийн газар 6 дугаар сарын 29-ны өдөр хэвлэлийн хурал хийн энэ талаар албан ёсоор мэдээлэл хийлээ. Бээжин, Шанхай хотод аялал жуулчлалаар зорчих гадаадын иргэд 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн худалдан авсан барааны 11 хувийн татварыг буцаан авах боломжтой боллоо.
 
Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудал Tерминал-2, Терминал-3-ийн бүсэд гаалийн хяналтын болон Татварын буцаалт олгох цэг үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болсон бөгөөд баримтын зардал 2 хувийг суутган зорчигчийн гар дээр 9 хувийн татварын буцаалт очих юм. 
 
Хятадын нутаг Хонконг, Макаод 183 хоногоос хэтрэлгүй зорчсон гадаадын иргэн нэг удаа, нэг дэлгүүрээс 500 юаниас илүү худалдан авалт хийсэн бол 90 хоногт багтаан татвар буцаалтыг авах эрхтэй аж. Худалдан авалт 10000 юань хүртэл бол татварын буцаан олголт бэлэн мөнгөөр, 10000 юаниас дээш бол дансаар хийгдэнэ. 
 
Бээжин хотын Гаалийн газрын орлогч дарга Фан Күн танилцуулснаар, гадаадын иргэд татвар буцаалтын бараагаа гаалийн мэдүүлэгт бичиж, татвар буцаан авах хүсэлт бөглөн, зохих тэмдэглэгээ бүхий барааны баримт болон хувийн бичиг баримтаа гаалийн хяналтаар баталгаажуулснаар татвар буцаан авах эрхтэй болох юм.
 
Татвар буцаан олгоход нэг зорчигч 3-5 минут шаардлагатай ба шаардлагатай бол 15 минутаас хэтрэхгүй аж. 
 
Бээжин, Шанхай хотууд татвар буцаалт хил дээр олгох эхний ээлжийн хотууд бөгөөд удахгүй бусад томоохон хотуудад энэ тогтолцоо бий болох юм.
Америк, ЕХ, Япон, Канад, Бразил, Аргентин, Австрали, Тайланд, Сингапур зэрэг дэлхийн 50 гаруй улс ороны хил гааль дээр татвар буцаан олгох үйлчилгээ байдаг юм байна.
 
Бээжин хот Д.Энхчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг