sonin.mn
Улсын Их Хурлын Төрийн Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороод өнөөдөр /2015.07.01/ үдээс хойш хамтран хуралдаж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар эхлээд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
 
Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Монгол Улсад 1991-2014 оны хооронд үндэсний, салбарын болон салбар хоорондын түвшинд урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх нийт 480 гаруй бодлогын баримт бичиг батлагдсанаас өнөөгийн байдлаар 290 гаруй нь хугацааны хувьд хүчинтэй, тэдгээр бодлогын баримт бичгүүд нь үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, стратеги, үндсэн чиглэл, төлөвлөгөө зэрэг нэршилтэй байна.
 
Гэвч бодлогын баримт бичгүүдийн хэрэгжих хугацаа, зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ давхацсан, уялдаа сул байгаагаас хэрэгжилт нь зорьсон үр дүнд хүрэхгүй байхын зэрэгцээ хэрэгцээ үндэслэл шаардлага, тооцоо, судалгаа хангалттай түвшинд хийгддэггүй, санхүүгийн эх үүсвэртэй уялддаггүй зэрэг нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатайг харуулж байна.
 
Иймээс хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн боловсруулалтын чанарыг сайжруулах, хоорондын уялдаа болон хэрэгжилтийг хангах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсныг онцолсон юм.
 
Хуулийн төсөл батлагдсанаар хөгжлийн бодлогын баримт бичгүүд цэгцтэй, хэрэгжих үндэслэлтэй болж урт, дунд, богино хугацааны үндэсний, салбарын, салбар хоорондын болон орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийн уялдаа, залгамж чанар сайжирч, хөгжлийн бодлогын тогтвортой, нэгдмэл байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.
 
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг саналаа хэлснээр асуулт, санал дуусч, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон 20 гишүүний 17 нь буюу 85 хувь нь дэмжив.
 
Дараа нь “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Хууль тогтоомжийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд энэ талаарх байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.
 
Байнгын хороодын хамтарсан хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо дангаараа үргэлжлүүлэн хуралдаж Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын нэр бүхий 9 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг эрчимтэй ажиллаж байгаа ч төслийн зарим нэг заалтыг эцэслэж амжаагүй байгаа тул байнгын хорооны ирэх долоо хоногийн хуралдаан хүртэл хойшлуулах санал гаргасныг гишүүд дэмжлээ.
 
 
Ингээд “Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Байнгын хорооны дарга А.Бакей энэ асуудлын талаар хийсэн танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хууль санаачлагчдаас саналыг нь урьдчилан авч тогтоолын төслийг боловсруулсан. Хууль санаачлагчдаас тогтоолын төсөлд тусгуулахаар нийтдээ 146 хууль тогтоомжийн төслийг санал болгосон байна.
 
Тогтоолын төслийг боловсруулахдаа намрын чуулганаар хэлэлцэж батлахаар хуульд тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүдийг жагсаалтад багтаах зарчим баримталсан.
 
Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр 23 хууль тогтоомжийн төслийг тогтоолын төсөлд нэр зааж тусгасан. Тогтоолын төсөлд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоохдоо холбогдох байнгын хороодын саналыг үндэслэн тухай бүр нь шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэнээ дурдав.
 
Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлын тухай тогтоолын төсөлд тусгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч 17, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 3, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 3, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 4, Төрийн байгуулалтын байнгын хороо 4, Төсвийн байнгын хороо 6, Хууль зүйн байнгын хороо 12, Эдийн засгийн байнгын хороо 5, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 10, МАН-ын бүлэг 27, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 5, Монгол Улсын Засгийн газар 39 төслийн санал ирүүлжээ. Мөн Улсын ИХ Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, С.Оюун нар 11 саналыг тусгайлан ирүүлсэн байна.
 
 
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, О.Содбилэг, Н.Батцэрэг нар байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, Су.Батболд нар саналаа хэлсэн юм.
 
Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тогтоолын төсөлд нэмж оруулах санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
 
Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг тогтоолын төсөлд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэмж оруулах санал гаргасан боловч өргөн баригдаагүй байгаа хууль тогтоомжийн төслийг тогтоолын төсөлд тусгах зарчим баримтлаагүй гэсэн байнгын хорооны даргын тайлбарын дагуу саналаа татаж авсан юм.
 
Ингээд Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хураалдаанаар хэлэлцүүлэх саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэнээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.