sonin.mn
Нохойн дуу ч ойртож дээ. Зарим хүний нойр хүрэхээ байжээ. Яавал ямар аргаар хуучин суудалдаа үлдэх вэ. Энэ бол эрх баригчдын ирэх оны цор ганцхан гэрэлт мөрөөдөл болжээ. Тун саяхан Утаат тэвшийн хөндийг захирдаг, Улсын баатар Э.Бат-Үүл авто машиныг улсын дугаараар хязгаарлахаа болих тухай шийдвэр гаргах болсоноо дуулгав. Тэрбээр хоёрхон жилийн өмнө хийсэн “шинэчлэл”-ээсээ ийнхүү ухарч, хуучин хэвэнд нь оруулах болсон шалтгаанаа “...нийтийн тээврийн шинэчлэлтийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн учраас дугаарын хязгаарлалтыг цуцлах нөхцөл бүрдсэн” хэмээн тайлбарлажээ. 
 
Үүнээс гадна 18.7 метрийн урттай угсраа автобус үйлчилгээнд гарч эхлэхээр замын түгжрэл эрс буурна хэмээн нийслэлийн удирдлагууд тооцсон байна. Мөн ингэж иргэн бүрт “хүрч” үйлчилсэнээр ирэх сонгуулиас өмнө иргэдэд таалагдана хэмээн бодсон бололтой. Тиймгүйсэн бол хоёрхон жилийн өмнө “Энэ бол шинэчлэл” хэмээн ам бардам тодорхойлж байсан ажлаа ийм амархан нураамгүй юм. 
 
Тэгвэл Улаанбаатарын хувьд 415 дахь том хот хэмээн олон улсын жагсаалтад бүртгэлтэй. Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг, сая гаруй иргэнтэй Саятан хот. Харин автомашины тоог нийслэлийн хүн амьтай харьцуулахад 50 орчим хувиар дутуу ажээ.
 
Тодруулж хэлбэл нийслэлийн хүн амын 60 орчим хувь нь өөрийн гэсэн автомашин нэр дээрээ бүртгүүлсэн байдаг аж. Энэ статистик нийслэлд замын түгжрэл үүсгэх чухал шалтгаан болдог тухай ч салбарын мэргэжилтнүүд өгүүлсээр ирсэн. Үүн дээр сургууль цэцэрлэгүүд нэг цагт тарж, дэлгүүр худалдааны төвүүд ижил цагийн хувиараар үйлчилгээ үзүүлдэг зэрэг байдал ч нөлөөтэй болохыг тэд хэлдэг. 
 
Уг нь замын түгжрэлтэй хотуудын тоон үзүүлэлтийг авч үзвэл 1000 хүн тутамд 120 буюу түүнээс дээш машин ногддог бол манай улсын хувьд 1000 хүний дунд 239 автомашин байгаа юм. Энэ байдлаас харвал Улаанбаатар түгжрэлтэй хот биш. Гэсэн хэдий ч өдөрт бүтэн цаг түгжирч зогсдог гэж тооцвол жилийн 45 өдрийг бид нийслэлийн зам дээр дэмий сууж, өнгөрүүлдэг болж таарах нь.
 
Замын цагдаагийн гаргасан мэдээллээр нийслэлд өдөрт 311490 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэж тооцвол сард ойролцоогоор зургаан тэрбум төгрөгийг нийслэлийн зам дээр хөдөлгөөнгүй “нормалдаж” урсгасаар байгаа юм. Ийм нөхцөлд нийслэлийн замын түгжрэл үе үеийн Засгийн газар, нийслэлийн удирдлагуудын толгойн өвчин байх нь мэдээж юм. 
 
Гэтэл өнөө цагийн нийслэлийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд ийм тооцоог ч хийж амжсангүй. Түгжрэлээс гарах тухай бие даан судалгаа хийсэнгүй. Замын түгжрэл иргэдийн амьдралд, цаашлаад улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлөх тухай ч ухаж судалсангүй. Зүгээр л гадаадад түр зуур туршаад хаясан загварыг журам болгон мөрдүүлсээр хоёр жилийн хугацааг үдсэн гэсэн үг.
 
Тодруулбал БНХАУ-ын Бээжин хотод олимпийн их наадмын үеэр зарим дүүрэг, бүсэд автомашиныг улсын дугаараар нь түр зуур хязгаарлаж байсан билээ. Үүнийг л ноён Э.Бат-Үүл Улаанбаатар хотод төдийгөөс өдий хүртэл амь бөхтэй нутагшуулсан хэрэг. Мөн өөрийн санаанаас гараагүй зүйлээ “Бидний хийсэн шинэчлэл” гэж зоригтойгоор дуугарч чадсан. Учир нь автомашиныг улсын дугаараар хязгаарлаж, хөдөлгөөнд оролцуулах явдал түүний анхны захирамжуудын нэг байлаа. 
 
Цөөн үгээр хэлбэл үүнээс хойш Үүл дарга жинхэнэ утгаараа “Захирагч” болсон гэдгийг өнгөрсөн хугацаанд бид хангалттай мэдэх болжээ. Цөөн жишээ дурдахад “Хүчит шонхор” хүнсний захын ажиллах хуваарийг өөрчлөх шийдвэр гаргаж, шүүхийн өмнө хүчингүйдүүлэв. Иргэдийн автомашиныг ачиж, дугуйг түгжиж хууль бус үйлдлээсээ болж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 960 мянган төгрөгөөр торгуулав.
 
Ачиж, журамлах ажиллагаанаас олсон хөрөнгийг өөрийнхөө удирддаг байгууллагаар хянуулав. Энэ бол олон нийтийн сүлжээгээр илэрхий “гүйдэг” захын мэдээлэл билээ. Үүний цаана барилга байшин, тендер зэрэгтэй холбоотой бараан мэдээлэл олон бий. Тэгвэл түүний хотын даргын тамга гардаад хийсэн шинэчлэлүүдийг эргэн харвал иргэний эрхэд халдах гэсэн ганцхан чиглэлийг барьж ажиллажээ. 
 
Уг нь, бид аль нам төрийн эрх барихаас үл хамаарч, ардчилсан нийгэмд 20 гаруй жил амьдарсан. Энэ нийгмийн үнэ цэнэ нь мэдээж хүн. Гэтэл хотын дарга маань Баатар цолондоо барддаг юм уу бүү мэд, жирийн иргэний эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг өнгөрсөн хугацаанд хангалттай хязгаарлаж ирсэн байх юм. Хамгийн ойрын жишээ гэхэд иргэдийн амьдрах, тав тухтай аж төрөх эрхийг хазаарлаж, нутаг заагаад түүндээ сууршихыг шаарддаг болов.
 
Үүнийгээ мөн л шударга, ил тод, байдал гэсэн сайхан үгээр халхавч хийж сугалаа явуулсан. Бас болоогүй хотын иргэд өөрийнхөө хөрөнгөөр авсан унаагаа долоо хоногийн гурван өдөр унах эрхгүй байж ч үзсэн. Тэр ч байтугай түүний шийдвэрээр буруу талдаа жолооны хүрдтэй гэсэн ганцхан шалтгаанаар худалдаж авсан машинаа төмөрт тушаах дөхсөн юм шүү. 
 
Хамгийн гол нь Хотын дарга Э.Бат- Үүл болоод түүний багийнхан автомашиныг улсын дугаараар нь хязгаарлахаас өөр ямар арга зам байгаа эсэх тухай судалж үзээгүйд байгаа юм. Хэрэв судалгаа хийсэн бол ардчилсан улсад зохихгүй шийдвэр гэдгийг эрт мэдэх байсан нь ойлгомжтой л доо.
 
Уг нь улсын дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг гаргасан үед “Хууль бус”, “Хүний эрхэнд халдсан үйлдэл” зэргээр учир мэдэх хүмүүс шүүмжилж л байсан. “Иргэдийн санал асуулга” гэсэн гоё нэрээр худлаа дүгнэлт гаргах шаардлага үгүйгээр олон нийтийн сүлжээнээс нийслэлчүүдийн сэтгэлзүйг хангалттай мэдэрч болохоор байв даа. 
 
Гэтэл энэ бүхнийг сонсоогүй, хараагүй мэт явсан атлаа нохйн дуу ойртсон энэ цаг үед “шинэчлэл”- ээ хуучруулж, санаагаа хувиргаж, нийслэлийнхээ иргэдэд “гэнэтийн бэлэг” барьж байна. Ингээд илүү зүйл нуршилгүй эцэст нь хэлэх хоёрхон жишээ байна. Францын Тулуз гэх хот гурван сая хүн амтай, гурван сая автомашинтай атлаа төв зам нь түгжрэлгүй байдаг ажээ.
 
Мөн үүнээс гадна Жорж Орвеллын “1984” гэж зохиол бий. Хүн амын 80 гаруй хувь нь үгээгүй ядуу амьдардаг байхад чинээлэг амьдралтай 20 орчим хувь нь тэднийг “Та өмнөхөөсөө сайхан амьдарч байна” гэсэн үгээр урамшуулдаг тухай зохиол л доо. Яг үүнтэй ижил Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүлийн хийсэн шинэчлэлийн ачаар нийслэл хотын иргэн та өмнөхөөсөө илүү эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй аж төрж байгаа гэсэн сурталчилгаа тун удахгүй айл бүрийн хаалганд тулж ирэх байлгүй... 
 
Д.Булган 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин