sonin.mn
УИХ-ын гишүүн О.Содбилэгтэй ярилцлаа. 
 
-Тавантолгойн гэрээний төслийг Засгийн газар буцаагаад татчихлаа. Ажлын хэсэг хоёр сар гаруйн хугацаанд энэ гэрээн дээр ажилласан гэсэн атлаа УИХ дээр оруулж ирэлгүй буцаагаад татчихаж байгааг та хэрхэн харж байна вэ. Хэдийгээр ажлын хэсэг багагүй ажил хийлээ гэж байгаа ч үндсэндээ Тавантолгойг явуулах биш гацаах зорилготой ажлын хэсэг байсан гэдэг яриа ч гараад байна л даа? 
 
-Тавантолгойн гэрээн дээр УИХ ерөөсөө ажиллаагүй. Энэ гэрээг УИХ руу оруулж ирье, хэлэлцэж харъя гэж ажлын хэсэг байгуулсан ч гишүүдэд гэрээний хувилбарыг эцэслэн өгөөгүй. Тиймээс энэ гэрээнд ямар зүйл, заалт туссан байсныг тодорхой мэдэхгүй байна. УИХ- ын гишүүд ийм хүлээлттэй байгаа үед УИХ-ын дарга буцаасан, Засгийн газар дахин оруулж ирэхээр болсон гэдэг мэдээлэлтэй л байна. 
 
-Энэ гэрээг дахин оруулж ирнэ гэхээр багагүй хугацаа шаардах байх л даа. Энэ чуулганы хугацаанд худлаа болж байх шиг байна, тийм үү? 
 
-Мэдээж үүнд багагүй хугацаа шаардаж таарна. Энэ том асуудлыг зөв, цэгцтэй хэлэлцэх ёстой. Яг ямар байдлаар дахин оруулж ирэх талаар бидэнд тодорхой мэдээлэл алга. Процедурын хувьд Засгийн газар УИХ-д өргөн барихад УИХ шууд авч хэлэлцэх ёстой. Тийм учраас УИХ-ын даргын байгуулсан ажлын хэсгийг буруу гэж харж байсан. Хэлэлцэх эсэхээ шийдээгүй байж ажлын хэсэг байгуулсныг УИХ- ын гишүүдийн эрхэд халдсан үйлдэл гэж харж байгаа. 
 
-АН-ын зүгээс хамтарсан гэрээгээ эргэж харах асуудлыг яриад эхэллээ. Үүнийг та хэрхэн харж байна вэ? 
 
-АН-ынхан хамтарсан гэрээгээ эргэж харъя гэсэн байна лээ. Энэ нь нэгдүгээрт, манай намынхан Эдийн засгийн өршөөлийн хуулийг дэмжихгүй гэсэнтэй холбоотойгоор АН-ын зарим гишүүн их дургүйлхэж байгаа юм билээ. Хоёрдугаарт, өөрсдийнх нь дотоод тэмцэл зодоон нь их хурц байгаа болохоор АН- ынхан манайхыг гаргаж, өөрсдөө засгаа барья гэсэн бодолтой байгаа юм болов уу гэж харж байна. 
 
-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль дээр ч мөн багагүй улс төр яваад байх шиг байна. Тухайлбал, танай намын бүлгээс хүүхэд харах асуудлыг нухацтай авч хэлэлцэх ёстой гэж үзээд завсарлага авсныг АН- ынхан ихээхэн шүүмжилж байгаа шүү дээ. Та хувь гишүүнийхээ хувьд энэ хуулийн боловсруулалтыг хэр хэмжээнд хийсэн гэж харж байгаа вэ? 
 
-Энэ хууль дээр боловсруулалт дутуу зүйл ажиглагдаад байгаа. Ялангуяа хариуцлагын асуудлыг энд чухлаар авч үзэх ёстой. Хүүхдийг харах хүнд ямар шалгуур тавих юм гэдгийг маш тодорхой болгомоор байна гэж байгаа л даа. Биднийг ийм тодорхой зүйл ярихаар хуулийг тэр чигт нь эсэргүүцэж байгаа мэтээр буруутгаад байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Хэрвээ энэ хууль батлагдаад явбал хэрэгжилт дээрээ анхаарах хэрэгтэй байна. Хэдхэн хоногийн сургалтад суусан хүн олон айлын хүүхдийг харах нь хэр зохимжтой юм бэ гэх мэтийг эргэж харах шаардлагатай гэж бид үзэж байгаа л даа. 
 
-Өнгөрсөн жилийн хувьд МАН-аас өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцсэнгүй гэдэг шүүмжлэл их гарч байсан. Энэ хаврын чуулганы хугацаанд МАН-аас хэчнээн хуулийн төслийг өргөн барив. Цаашлаад хэлэлцүүлсэн үр дүн хэр байна вэ? 
 
-Өмнөх УИХ-ын чуулганыг харахаар маш олон хуулийн төслийг хэлэлцэж баталж байсан юм билээ. Миний харж байгаагаар сүүлийн хэдэн жил энэ үзүүлэлт маш бага гарч байгаа. Нийгэмд чухал асуудлаа авч хэлэлцэхээс илүү УИХ-аар нэг ороод гарсан хуулийг дахин дахин авч хэлэлцэж байх жишээтэй. Тухайлбал, Тамхины хяналтын тухай хуулийг гурав дахин хэлэлцэж байсан гэх мэт жишээ олон бий.
 
Нэг ёсондоо, энэ нь УИХ-ын гишүүдийн ажил, цагийг маш их гарздаад зогсохгүй нийгэмд багагүй бухимдал үүсгэж байна шүү дээ. УИХ гол шийдэх асуудлаа шийдэхгүй байна гэдэг шүүмжлэл гарч байгаа нь ийм л зүйлтэй холбоотой. МАН аймгуудаар аян хийгээд явж, иргэдтэй уулзаж явах үеэр энэ удаагийн УИХ үнэхээр бүтээмж муутай байна, нийгэмд тулгамдаж байгаа асуудлаа шийдэхгүй байна.
 
Харин өөрсдөдөө хэрэгтэй гэснээ шийдэхээр зүтгэж байна гэдгийг иргэд хэлж байна. Нийтэд зарлахдаа чуулган бүрийн өмнө дараагийн чуулганаар ярьж хэлэлцэх асуудлынхаа жагсаалтыг баталдаг. Тэгсэн мөртлөө батлаад явж байхад гэнэт Засгийн газраас өөр асуудал оруулж ирдэг. Эсвэл Ерөнхийлөгчийн зүгээс шал өөр асуудал оруулж ирснийг хэлэлцүүлээд явчихдаг.
 
Энэ нь буруу харагдаад байгаа юм. Урьдчилж сайн төлөвлөх хэрэгтэй байгаа юм. Сайн бэлдсэн хуулиудаа оруулна уу гэхээс зүгээр дутуу бэлтгэсэн зүйлээ оруулж ирэх нь буруу шүү дээ. Жишээлбэл, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль дээр гишүүдийн цагийг бараад нөгөө хууль нь гацаад байна шүү дээ. 
 
-Хаврын чуулган энэ парламентын сүүлийн чуулган байгаа. Дээрээс нь намууд хамтарсан. Ингэхдээ Үндсэн хууль, болон Сонгуулийн хуулийн өөрчлөлтөд санал нэгдсэн. Энэ бүхний үр дүн хэр байна вэ. Тухайлбал, ирэх жил сонгууль болох гэж байхад Сонгуулийн хууль УИХ дээр орж ирээгүй байна шүү дээ? 
 
-Хамтрахдаа ярилцсан асуудлын гол нь Сонгуулийн хууль. Миний хувьд энэ хуулийн ажлын хэсэгт гишүүнээр ажиллаж байгаа. Гэтэл энэ ажлын хэсэг Сонгуулийн хуулийнхаа хэлэлцүүлгийг ерөөсөө явуулаагүй. Уг нь энэ хуулийг бушуухан буюу энэ хаврын чуулганаар баталж аваад нэр дэвшигчид ч тэр сонгогчид ч тэр сонгуулийг ямар журмаар явуулах юм бэ гэдгийг мэдэж авах, нэгдсэн ойлголттой болгомоор байгаа юм.
 
Гэтэл ингэхгүйгээр цагаа тулгачихвал хаана хаанаа ойлгомжгүй байдал үүснэ. Ялангуяа улс төрд нэр дэвших гэж байгаа залуучуудад энэ ойлгомжгүй байдал нь их хортой гэж харагдаад байгаа. Угтаа хууль нь ямар байх юм, би яаж нэр дэвших юм гэдгийг мэдэж байх ёстой биз дээ. Гэтэл ингэхгүйгээр УИХ-д байгаа улсууд нь өөрсдөдөө зориулж байгаа юм шиг, хааж байгаад бараг сонгууль тулгаж баталж магадгүй байна шүү дээ. Ингэвэл шинээр нэр дэвших гэж байгаа хүмүүст ихээхэн халгаатай хууль болно гэж харж байна. 
 
-Сонгууль болох бүрт хуулиа өөрчилдөг байдлыг та хэрхэн хардаг вэ. Ер нь эрх зүйн орчин тогтворгүй байх нь хэр зохимжтой юм бэ? 
 
-Уг нь Сонгуулийн хуулийг тогтвортой байлгах хэрэгтэй байгаа юм. Өнөөдрийн байдлаар эрх барьж байгаа нам нь хуулиа өөрчлөх санал гаргаад явж байгаа. Жишээлбэл, энэ удаад орон нутаг, УИХ-ын сонгуулийг нэгтгэе гэдэг байр суурийг АН баримталж, хуулиа ийм байдлаар оруулж ирж байна. Харин манай намын бүлэг үүнийг буруу гэж харж байгаа. Учир нь, Орон нутгийнхыг УИХ-ынхтай хамт явуулбал нэгдүгээрт, орон даяар 20 мянган хүн нэр дэвшинэ.
 
Гэтэл нэр дэвшиж байгаа энэ олон хүнийг СЕХ зохицуулах боломжгүй шүү дээ. Хоёрдугаарт, сонгогчийн зүгээс аваад үзвэл маш олон хүн болно. Нам, нэр дэвшигч гээд ярайсан юм болчихоор саналын хуудас хүчингүй болох, алдаа гарах магадлал өндөр болно гэсэн үг шүү дээ. Үүнийг дагаад тэр олон газар сонгууль зэрэг явж байгаа учраас ялагдсан хүмүүсийн гомдол олноор гарч таарна.
 
Гэтэл энэ гомдлыг нэг дор хэлэлцэж шийдэх боломж манай хууль шүүхэд хүчин чадал байхгүй. Ерөнхийдөө жонхуу болох аюул л харагдаад байгаа юм. Нөгөө талдаа хамгийн гол зарчмын асуудал нь орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, УИХ гэж хоёр өөр статустай байгууллагын сонгуулийг холих ямар ч шаардлага, шалтгаан байхгүй л дээ. 
 
-Танай намын бүлгээс Ард нийтийн санал асуух тухай тогтоолын төслийг өргөн бариад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ санаачилга Сонгуулийн хуульд тусах магадлал ер нь байна уу? 
 
-Бид энэ саналыг өргөн барьчихаад хүлээж байна. Хэлэлцүүлэхгүй дарсан байдалтай л байгаад байна л даа. Бид ард иргэд, сонгогчидтой уулзаж явахад “Намын жагсаалтаар гишүүн болдог, хариуцлагагүй байдлыг зогсоо. Үндсэн хуульдаа ч гэсэн иргэд нь өөрсдийг нь төрд төлөөлөх хүнээ шууд сонгоно гэсэн заалт байгаа учраас хуулиа мөрд” гэдэг зүйлийг иргэд их ярьж байна.
 
Ялангуяа орон нутаг, дүүрэгт иргэдтэй уулзаад явж байхад анхны Үндсэн хуулийг батлалцсан хүмүүс их идэвхтэй оролцдог л доо. Энэ хүмүүс бол “Та нар хуулиа зөв уншиж, зөв хэрэгжүүлэхгүй байна. Бидний санаа бол ийм байсан юм. Иргэд нь УИХ-д суух төлөөллөө шууд сонгоно гэж оруулж байсныг та нар завхруулж байна, үүнийгээ зогсоо” гэдэг. 
 
-Эдийн засаг хүндрээд удаж байна. Гэтэл Эдийн засгийн байнгын хорооны дарга “Эдийн засаг хүндрээгүй” гэж хэлсэн нь олны анхаарлыг багагүй татаж байх шиг байна. Таны бодлоор манай улсын эдийн засаг өнөөдрийн байдлаар ямаршуу байгаа вэ? 
 
-Оюутолгойтой холбоотойгоор хоосон, цаг үеийн хүлээлт үүсгэж, эдийн засагт сэргэлт гарах нь гэсэн байдлаар ханш буурлаа л даа. Одоо буцаад огцом өсч байна. Яагаад гэвэл бодит валют улсад орж ирэхгүй байна шүү дээ. Янз бүрийн төсөл хөтөлбөр, гэрээ зээл авахаар ярьж байгаа. Түүнийх нь эффект жилээс хоёр жилийн дараа эдийн засагт бодитоор үзэгдэхээр байгаа учраас энэ намар эдийн засаг хүндхэн байх нь ойлгомжтой.
 
-Ерөнхий сайд Дубайн гэрээнд үзэглээд ирснийхээ дараа хэдхэн хоногийн дотор эдийн засагт 7-8 тэрбум төгрөг оруулах боломжтой боллоо. Энэ бол эдийн засагт бодит дэмжлэг үзүүлнэ” гэж байсан. Гэтэл өнөөдөр эдийн засагт өөрчлөлт ороогүйгээс гадна Засгийн газар нэг тэрбум хүртэлх төгрөгийн бонд гаргах асуудлыг яриад эхэлж байна л даа?
 
-Ерөнхий сайд гадагшаа яваад их хэмжээний мөнгө оруулж ирэхээр болсон байж болно. Гэхдээ эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь энэ жил лав үзэгдэхгүй. Нөгөө талаар Энэтхэгийн нэг тэрбум ч гэдэг юм уу Дубайгаас Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан нэг тэрбум ам.доллар татна гэсэн асуудлууд бүгд нөхцөлтэй. Ямар төсөл юм, ямар үр өгөөжтэй хөтөлбөрт өгөх вэ гэдгээ цаад тал харж байж өгнө шүү дээ. Зүгээр манай улсын Засгийн газарт тэрбум тэрбумаар нь өгч байгаа хэрэг биш. 
 
-Хаврын чуулган хаалтаа хийх дөхөж байна. Энэ хаврын чуулганы үр дүнг та хэрхэн тодорхойлох вэ? 
 
-Энэ чуулганыг сайн үр дүнтэй боллоо гэж хэлэхгүй. Учир нь, УИХ-д төлөөлөлтэй намууд эвслийн Засгийн газарт орж ажиллаж байгаа. Ингэхдээ бид олон асуудлыг шийднэ гэж эвссэн. Үүний хажуугаар цаг тулсан, заавал шийдэхээргүй асуудлыг түлхүү оруулж ирсэн. Жишээлбэл, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг нэрлэж болно. Маш их хэмжээний мөнгө төгрөг идэж уусан нөхдийн хуудууг далдлах асуудлыг тулгаж оруулж ирсэн.
 
Үүн дээр нь манай намын бүлэг эсэргүүцэхээр хамтарсны хэрэг алга, та нар энэ хуулийг хамтарч дэмжиж баталсангүй гэдэг тулган шаардалт хийж байх жишээтэй. Бид нар хамтрахдаа энэ хуулийг батална гэж орж ирээгүй. Харин Тавантолгой, Оюутолгой гэх мэт томоохон асуудлуудаа зөв цэгцтэй буюу ард түмний эрх ашигт нийцсэн байдлаар шийдэж, хамтарч ажиллая гэж орж ирсэн юм шүү дээ. 
 
 
М.Өнөржаргал 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин