sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
 
Уур амьсгалын өөрчлөлт бодитой нөлөөлж байгаа өнөө үед ойн нөөцийг хамгаалах, түүнийг нөхөн сэргээх асуудалд дэлхий нийтээрээ онцгойлон анхаарал хандуулж байна. Хууль бус мод бэлтгэлээс дэлхийн хэмжээнд учирч байгаа эдийн засгийн хохирол нь Дэлхийн банкны 2002 оны мэдээгээр жилд 10 тэрбум ам.долларт хүрч байна.
 
Мод бэлтгэх, зөвшөөрөл олгох үйл ажиллагаа орон нутагт явагддаг. Гэвч  хяналт тавих, зөвшөөрөл олгодог албан тушаалтнууд ажилдаа хайнга ханддагаас хууль бусаар мод бэлтгэх асуудал буурахгүй байна. Тиймээс энэ чиглэлийн хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Засгийн газраас 5 зүйл бүхий Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
 
Хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс боловсруулсан зарчмын болон найруулгын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав.
 
Тухайлбал, Хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн 47.2.16 дахь заалтыг хууль зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоож, тоног төхөөрөмж, мод, модон материалыг хурааж, улсын орлого болгон гэсэн санал олонхийн дэмжлэгийг хүлээв.
 
Мөн хууль бусаар мод бэлтгэх ажиллагааг илрүүлсэн улсын байцаагч болон байгаль хамгаалагчийг тухайн үед хураасан нийт бүтээгдэхүүний 15 хувь, ТББ, цагдаа, хил хамгаалах байгууллагын ажилтаныг 70 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох саналыг олонх дэмжлээ.
Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав.
 
Чуулганы хуралдаан үдээс хойш буюу 14.00 цагт эхэлж, "Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл болон Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаалттай дэгээр хэлэлцэх юм.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг