sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.07.03/ өргөн барилаа.
 
Дархан хот нь Орхон-Сэлэнгийн сав газрын бүс, Хараа голын эрэг дагуу Бурхантын хөндийд байрлах бөгөөд гидрогеологийн судалгаагаар сэвсгэр хурдас (алювийн хурдас) бүхий экологийн эмзэг тогтоцтой тул өнөөгийн үйл ажиллагаа явуулж буй цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд ачаалал нэмэгдэхэд хүрээлэн буй орчны чанарыг бууруулж, цаашид доройтуулах эрсдэлтэй байна.
 
Иймд ирээдүйд бохир усыг цэвэрлэн байгальд нийлүүлэх, эргүүлэн ашиглах нөхцлийг бүрдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хадгалах зорилгоор цэвэрлэх байгууламж болон бохир усыг татан зайлуулах насос станц, ариутгах татуургын системийг шинэчлэх шаадлага бий болоод байгаа бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор "Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны 18.5 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн холимог зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
 
Хөнгөлөлттэй зээлийн хугацаа 25 жил, үүнээс эхний 5 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба жилийн хүү 2 хувь байх бол энгийн эх үүсвэрийн зээлийн хугацаа 20 жил, үүнээс эхний 5 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь Лондонгийн биржийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.5 хувь шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.