sonin.mn
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын нэрийг барьж залилан хийсэн тохиолдол гарчээ. Энэ талаар иргэдээс зургаан удаагийн гомдол нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирсэн байна.
 
Залилагч этгээд боловсрол, эмнэлгийн байгууллагууд руу утсаар холбогдож өөрийгөө "Мэргэжлийн хяналтын байцаагч Хатнаа" хэмээн танилцуулдаг байж. “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийх гэж байна. Шалгалтын төлбөрт 40 мянган төгрөг данс руу шилжүүлээрэй” гэх аргаар залилж байжээ.
 
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах мэргэжилтэн Б.Болдсүх “Манай байгууллагаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг удирдамжийн дагуу хийдэг.
 
Мөн торгууль оногдуулсан тохиолдолд байгууллагын дансанд шилжүүлдэг гэдгийг анхааруулъя. Хувь хүний дансаар торгуулийн мөнгө авдаггүй гэдгийг сэрэмжлүүлмээр байна” гэв. Иргэдээс ирүүлсэн гомдлыг Баянгол дүүргийн цагдаагийн газарт шилжүүлэн шалгуулж байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг