sonin.mn
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар "Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаалттай дэгээр хэлэлцэж байна.
 
"Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан энэ оны дөрөвдүгээр сарын 04-нд өргөн барьжээ.
 
Аливаа улс аюулгүй байдлаа хангах, улс орноо батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, түүний бэлтгэлийг хангах арга хэмжээний талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлсон албан ёсны баримт бичгийг батлан хэрэгжүүлдэг. Монгол Улс 1998 оноос “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг батлан мөрдөж байна.
 
Өнгөрсөн хугацаанд улс орны нийгэм, эдийн засаг, гадаад, дотоод орчинд гарсан өөрчлөлт, Монгол Улсад хэрэгжиж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэхүү баримт бичгийг шинэчлэх хэрэгцээ бий болсон тул “Монгол Улсын төрийн Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг шинэчлэн боловсруулсан хэмжээн Хууль санаачлагч танилцуулгадаа дурьджээ.
 
Харин Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар энэ оны зургадугаар сарын 19-нл өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Тагнуулын байгууллагын тухай хууль анх 1999 онд батлагдсан бөгөөд шинээр батлагдсан хууль тогтоомжтой уялдуулах, хуулийн хэрэгжилтийн явцад үүссэн зарим харилцааг зохицуулах цаг үеийн хэрэгцээ, шаардлагаар 2000, 2001, 2003, 2007, 2011 онуудад нийт 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
 
Тагнуулын байгууллагын тухай хууль нь Монгол Улсын тагнуулын байгууллагын тогтолцоо, удирдлага, зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг, эрх хэмжээ, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тодорхойлж, тагнуулын байгууллага, ажилтны эрх зүйн байдалтай холбоотой харилцааг зохицуулдаг Өнгөрсөн хугацаанд тагнуулын байгууллагын тогтолцоог нэгдмэл, илүү үр нөлөөтэй болгох, түүний удирдлага, ажилтны эрх зүйн байдал, баталгааг сайжруулах, тагнуулын байгууллагаас хуульд заасан чиг үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, хариуцлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг бодит хэрэгцээ шаардлагатай болсон тул уг хуулийн төслийг боловсруулжээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг