sonin.mn
Энэ сарын нэгний өдрөөс эхлэн хуулиар мөрдсөн Шүүх байгуулах тухай шинэчилсэн найруулгын дагуу Дүүргийн анхан шатны шүүхүүдийг нутаг дэвсгэрээр нэршин “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” хэмээн нэрийдэх болжээ.
 
Өмнө нь  2013 онд ийнхүү нэрлэж байсан ч үндсэн хуультай харшиж байсан учир хуулинд шинэчилсэн найруулга хийжээ. Үүнтэй холбогдуулан иргэдэд шүүхийн ил тод хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр тусгаар тогтнолын талбайд  нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
 
Уг өдөрлөгийн үеэр иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч үйлчилсэн юм. Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж байгаа, таслагдсан хэргийн талаар зөвлөгөө өгөхгүй юм байна. Зөвлөгөө авч буй иргэдийн дийлэнх нь эрүүгийн болон иргэний хэргийг ялгаж салгахгүй байгаа учир энэ талаар илүү их лавлаж байлаа.
 
Үйл ажиллагаанд өөрчлөлт гарах эсэх талаар тус шүүхийн ерөнхий шүүгч М.Алдараас тодруулахад, ”Зөвхөн нэршлийн хувьд өөрчлөлт гарахаас үйл ажиллагаа хэвээр үргэлжилнэ. Өмнө гурван дүүргийн анхан шатны нэгдүгээр шүүх байх үед эрүүгийн хэргийн ачаалал  харилцан адилгүй байсан. Харин дүүргийн шүүхүүд нэгдсэнээр шүүхэд ирэх ачаалал, шүүгчдийн тоо нэмэгдсэн” хэмээлээ.
 
Б.Мөнхзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг