sonin.mn
“Улсын наадмаар хэн түрүүлэх вэ” гэсэн таавар олон нийтийн цахим сүлжээгээр сүүлийн өдрүүдэд эрс багасчээ. Харин энэ орон зайг “Шийдлийн” Засгийн газар шинэ Ерөнхий сайдтай болох уу гэсэн таавар нөхөх болжээ. Яг энэ цаг мөчтэй зэрэгцэн АН-ынхан зургаан сайд “төрүүлэх" нь үндсэндээ тодорхой боллоо. Бөхчүүдийн таавраас ялгарах гол онцлог нь намын дарга, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээ хэн сайн лоббидсон нь сайд болох нь ойлгомжтой. 
 
Харин ижил төстэй талаас нь авч үзвэл өндөр цолтой бөхөөс начин цолыг худалдаж авч болдог базаахгүй хэв шинжтэй адил намынхаа удирдлага болоод өндөр хэргэмтэй нөхдөөсөө сайдын суудлыг худалдаж авч ч болохоор байгаа юм. 
 
Тодруулбал тун удахгүй Шадар сайд, Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам, Сангийн яам, Барилга хот байгуулалтын яамны тамгыг үлдсэн жил орчмын хугацаанд хэн барих вэ гэсэн их сунгаа болох нь. Иймээс “Итгэл хүлээсэн бөх" гэдэг шиг Засгийн газрын гишүүний тамгыг атгах улстөрчдийн нэр ч таамаг төдий өрнөж эхэллээ. 
 
Үүний зэрэгцээ сайдын тамга атгаж үзэх хуучин цагийн мөрөөдөлтэй нөхдийн “дайралт” ч эхлээд байгаа юм. Угаас өнөө цагийн эрх баригч хүчнийхэн фракц хоорондын тэмцэл хийгээд “бялуу" хуваах ажилд гаршсаныг хэлэх үү... Ийм байдалд тэд мэдээж, хувийн ашиг сонирхлоо илэрхийлэхгүй өнгөрч чадахгүй байгаа байх л даа. МАН-аас нэр дэвшин УИХ-ын дугуй танхимд суух эрхийг дөрвөнтөө авсан ч зүсээ хувиргасан АН-ын “залуу" гишүүн Д.Арвин тэдний нэг гэдгээ саяхан харуулаад авлаа. 
 
Шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг ялсан намын хаяа бараадсан тэрбээр сүүлийн үед “төрөлх” орчин болох МАН-ыг ойрын үеэс илүүтэй ад үзэх болжээ. Тэр ч бүү хэл “МАН-ын гишүүд ээлж дараалан орж ирж УИХ-ын чуулганыг бужигнуулж байна. Ажил хийх чадахгүй улс зайлах хэрэгтэй” хэмээн цэцэрхэж үзэв. Бас болоогүй “Энд дандаа мөнгөнд дуртай хүн цугласан” гэсэн дүгнэлтийг зоригтойгоор гаргаж чадав. Энэ бол Баянзүрх дүүргийн иргэдийн төлөө эхлүүлсэн түүний шинэчлэлийн нэгээхэн хэсэг юм. 
 
Өөрөө ч энэ хувьсалдаа сэтгэл хангалуун байгаа нь ойрын үеэс бүр ч илүүтэй мэдэгдэх болов. Гэтэл үнэндээ тэрбээр өнөө цагийн улстөрчдийн дунд аль хэдийнэ “хүүхэлдэй" болж амжжээ. Хүүхэлдэйг сонирхсон хүүхэд бүхэн эрхэлж болдогтой адил хойшид Д.Арвин гишүүнээр улс төрийн нам бүхэн тоглож ч магадгүй юм. Харин сүүлийн үед ухаарах болсон түүний сэтгэлгээний цэвэршилтээс олон нийт ганцхан зүйлийг ойлгож болохоор байгаа юм. Түүний яриагаар бол маш товчхондоо АН-ын батлахыг гардаж, бялууны булан горьдохоос өмнө тэрбээр жинхэнэ утгаараа увайгүй байсан гэсэн логик л доо. 
 
Тиймгүйсэн бол өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд энэ тухай ярих, МАН-ыг шүүмжлэх хангалттай хугацаа түүнд байсан. Энэ талаар тэрбээр "Урьд өмнө шинэчлэл хийж, ард иргэдийнхээ төлөө ажиллах гэхээр МАН-ынхан хавчиж, хяхаад юу ч хийлгээгүй” хэмээсэн нь бий. 
 
Харин Төрийн шагналт Б.Лхагвасүрэн гуай түүний тухай “Манай нутгийн захын чавганц ч түүнээс илүү зүйл ярьдаг юм шүү" гэсэн удаатай. Харин түүнд хандаж хэлсэн цор ганцхан сайхан үгийг өмнөх Засгийн газрын удирдагч Н.Алтанхуяг хэлж байв. Намынхаа батлахыг гардуулж өгөхдөө тэрбээр “Иргэдийнхээ ахуй амьжиргааг дээшлүүлье, шинэчилж өөрчилье. Монгол орноо хамтарч хөгжүүлье гэж сонголтоо хийсэн Д.Арвин гишүүнд баяр хүргэе’’ гэсэн юм. 
 
Түүний энэ үг “Д.Арвинд итгэж салбар яамыг хариуцуулж болно” гэсэн ойлголт биш л дээ. Харин сүнстэй ярилцагч эрхэм гишүүн тухайн үеийн намын даргынхаа энэ үгийг одоо хүртэл буруу ойлгосон хэвээр байгаа бололтой.
 
Үүнээс гадна 2012 онд хоёр удаа сонгуульд оролцохдоо тэрбээр МАН-ын мөрийн хөтөлбөрийг л барьсан. Үүнээс өөр зүйл илэрхийлэх, хувийн амлалт өгөх боломж ч Сонгуулийн тухай хуульд байгаагүйг бид мэднэ. Угтаа түүнд сайдын суудал мөрөөдөх эрхийг МАН олгосон гэдгийг сануулахад илүүц биз. Ямартай ч Засгийн газар тарах тухай яриа тархахтай зэрэгцэн Д.Арвин аль эрт сайд болчихжээ. Бүр Хөдөлмөрийн яамны гэж байгаа шүү. 
 
Энэ тухай ч сэм тохиролцсон тухай бор шувуу хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээгээр олны нүд дамжин нисэлдэж байгаа юм. Гэвч таамаглал бол ердөө л таамаглал юм. Харин бодит байдал тэс өөр. Үгүйдээ л гэхэд АН-д албан тушаал горьдсон урт дараалал бий. Мөн Засгийн газраа унагахад жинтэй хувь нэмэр оруулчихаад дараагийн Ерөнхий сайд “тодруулахаар” сайдын тамгатай үлдэж ашиг олдог Р.Бурмаа гишүүн шиг олон эрх мэдэлтэн бий.
 
Ядахад Н.Алтанхуягийн Засгийн газраас хувь хүртэж чадаагүй олон хүнд Ч.Сайханбилэг мөн л гараа сунгаагүй. Энэ ч бас аргагүй юм. Учир нь Ч.Сайханбилэг гэдэг бие хүн бол ердөө л Н.Алтанхуягийг “сунгасан" нэг хэлбэр болохыг ч улс төр судлаачид, ажиглагчид, улстөрчид өнгөрсөн хугацаанд хангалттай өгүүлжээ. 
 
Тэгвэл нөхцөл байдал ийм байхад өөрийн гэсэн үзэл бодолгүй, хэсэгхэн хугацааны өмнө хэн байснаа таг мартаж орхидог улс төрийн арвин их соёлтой Д.Арвин гишүүнд АН-ынхан яасан гэж сайдын суудал өгөх вэ гэсэн асуулт хариу нэхэн торойн хоцорч байна. Үгүйдээ л гэхэд МАН-ын нэрээр иргэдийн саналыг цуглуулчихаад хэдхэн хоногийн дараа "Би Баянзүрхийн АН-ын гишүүдийнхээ төлөө бүх хүчээ дайчлан ажиллана” хэмээн ам бардам хэлж чадсан түүнийг төрийн ажлыг саадгүй явуулж чадна гэдэгт эргэлзэх нь зүй ёсны хэрэг юм. 
 
Ямартай ч Хэнтий аймгийн болоод Баянзүрх дүүргийн сонгогчид энэ тухай бодож эхлээд л хөх инээдээ барьж ядах нь ойлгомжтой. Мөн түүний мөрөөдөлд зовлон жаргалаа ярилцаж, заавар зөвлөгөө авдаг гэх Дондогдулам хатны сүнс ч тус болох нь эргэлзээтэй.
 
Д.Булган
Эх сурвалж: "Монголын Үнэн" сонин