sonin.mn
Хөдөлмөрийн Үндсэний Намынхан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүн Н.Батбаяртай уулзлаа.Өнгөрсөн  зургаадугаар сарын 26-ны өдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар бүх ард түмнээр хэлэлцүүлэхийг шаардаж, жагсаал зохион байгуулж байсан юм.
 
Энэхүү цуглааныхаа үеэр УИХ-д хандаж шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагыг хүргүүлэх үндэслэлээ  “1992 оны Үндсэн хууль бол манай Эх орны тусгаар тогтнол, ардчилал, төрт ёсны баталгаа мөн. Энэ хуулийг батлахад тухайн үеийн сонгуулийн насны 1 сая 200 мянган хүнээс 900 мянга гаруй нь оролцож хэлэлцсэн нь Монголын түүхэнд урьд өмнө нь хэзээ ч гарч байгаагүй үндэсний зөвшилцөл юм.
 
Нам, улс төрчдийн дур зоргоор авирлалт, бусармаг явдлыг хязгаарлахад голлох үүрэг гүйцэтгэж ирсэн Үндсэн хуулийг өөрчлөхөөр өнөөдөр хэдхэн улстөрчид, бүлэглэлүүд хуйвалдан нэгдэж, төслийг УИХ-д өргөн барихаар зэхэж буй нь ард түмний итгэлийг нэгэнт алдсан эдгээр хүмүүс өөрсдийнхөө эрх мэдлийг өргөжүүлэх, цаашид хэвээр хадгалах зорилгоор хуйвалдаж байна уу гэсэн хардлагыг төрүүлж байна.
 
2000 онд Үндсэн хуулийн цэцээр хориг тавьсан төслийг хүчээр баталж, Үндсэн хуульд оруулсан дордуулсан долоон өөрчлөлтөөс бид хангалттай сургамж авсан.Сэм хуйвалдаж, ард түмнийг үл ойшоосон энэхүү явдлын хор уршгийг бүх монголчуудаараа үүрсэн.Бидний асуудал хуулинд биш, хуулийг дагаж мөрдөхгүйд байгаа.
 
Эрх мэдэл булаацалдаж, хувийн эрх ашгаа улсын эрх ашгаас дээгүүр тавьдаг улс төрчид байгаа цагт хууль мөрдөгдөхгүй, нийт монголчуудын эрх ашиг хамгаалагдахгүй.
 
Иймийн тул Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг явуулж, зөвшилцөлд хүрсний үндсэн дээр хийхийг Хөдөлмөрийн Үндэсний Намын зүгээс хууль тогтоогчдод хандан шаардаж байна” хэмээн тайлбарлаж байсан юм.
 
Харин өнөөдрийн уулзалтын үеэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, уг хуулийн төслийг нийт ард түмнээр хэлэлцүүлэх ёстой гэдэгт санал нэгдсэн байна. 
 
Мөн Хөдөлмөрийн Үндэсний Намынхан УИХ-ын гишүүн Н.Батбаярд Үндсэн хуулиар мэргэшсэн хуульчдын багийг судалгаа шинжилгээ хийх төслийг ард түмнээр хэлэлцүүлэх явцад мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэрэг үйл ажиллагаанд хамтран ажиллах санал тавьсныг УИХ-ын гишүүн Н.Батбаяр хүлээн авлаа.
 
Түүнчлэн уулзалтын үеэр Хөдөлмөрийн Үндэсний Нам нь асуудлыг зөвхөн шүүмжлэх эсэргүүцэх талаас хандаагүй, аль болох ажил хэрэгчээр хандаж хамтарч ажиллах бодлогыг баримтлана, харин цөөн хэдэн хүний эрх ашигт нийцүүлэн, дордуулсан  долоон заалт шиг өөрчлөлтийг олон нийтийн санаа бодлыг тусгалгүйгээр хийх гэж оролдвол эсэргүүцэх болно гэдгээ хурлын үеэр мэдэгдэж байв.