sonin.mn
Эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Сувд, Д.Янжинсүрэн, Б.Лхагвасүрэн нарын  хамтран бүтээсэн “Ангир уургийн маань охь-Хөхний эрүүл мэнд” номыг танилцуулж, Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд  2000 ширхэгийг хандивлалаа.
 
Энэхүү номыг бүтээн, олны хүртээл болгон түгээн дэлгэрүүлэхэд “Сайхан Батцэнгэл” ХХК-ийн захирал Д.Энхтуяа, Эрүүл мэнд-Амьдралын тойрог ТББ хамтран ажиллажээ.
 
Монгол Улсад нас залуу, ахимаг гэж ялгах зүйлгүй хөхний эмгэгийн асуудал эрс нэмэгдэж улмаар хавдарт шилжих явдал нэмэгдэж байгаа нь олон зүйлтэй шууд болон шууд бусаар холбоотой гэж ном бүтээгчид  үзэж байна. Үүнд дааврын зохисгүй хэрэглээ, үр хөндөлт, хооллолт, архины болон тамхины дам хэрэглээ, эрүүл ахуйн дэглэм зэрэг шалтгаан нөлөөлж болох талтай аж.
 
Хөхний хорт хавдрын дийлэнх нь 35-аас дээш, ялангуяа 45-64 насныханд өндөр, эдгээрийн дийлэнх буюу 80-88 хувь нь хожуу үе шатандаа оношлогдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн анхаарал татсан асуудал болж байна. 
 
Монгол Улсад 2000-2008 онд нэг жилд оношлогдсон нийт хорт хавдрын 2 хувийг, эмэгтэйчүүдийн дунд шинээр оношлогдсон бүх хорт хавдрын 5 хувийг хөхний өмөн эзэлж, түүний 66.7 хувь нь хожуу үе шатандаа оношлогджээ.
 
100.000 эмэгтэйд ногдох хөхний өмөнгийн өвчлөлийн түвшин 2.5-3.6-д хүрч нас баралтын түвшин 0.8-1.3 болж өссөн байна. Хөхний хавдрын өвчлөл ихтэй улс орнуудтай харьцуулахад Монгол Улс хөхний өмөнгийн өвчлөл, эндэгдлийн түвшин харьцангуй бага оронд тооцогдож байгаа хэдий ч хожуу үе шатандаа оношлогдож байгааг дээрх үзүүлэлт харуулж байгаа юм.
 
Цаашид нийгмийн эрүүл мэндийн асуудал болох урьдчилан сэргийлэлт, хөхний өмөнгийн эрт илрүүлгийн зохистой бодлого боловсруулах, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, оношилгоо, эмчилгээний орчин үеийн аргуудаас  суралцах, зайлшгүй шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг хойшлуулшгүй  хийх асуудал байгаа аж.
 
 Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг