sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.07.07/ Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
 
Монгол Улсаас гадаадын 46 оронд Дипломат төлөөлөгчийн газар, байнгын болон суурин төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа явуулж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж буй. Эдгээрээс нийт 41 оронд суух Элчин сайд хийгээд Ерөнхий консул Улаанбаатар хотноо ирээд байгааг Гадаад хэргийн яамнаас мэдээлэл өгөв.
 
 
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд Монгол Улс Оюутолгой, Таван толгойн баялагийг үр ашигтай ашиглах, Замын үүд-Алтанбулаг чиглэлийн хурдны зам, төмөр зам, эрчим хүчний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт тавьж байгааг танилцуулсан юм. Ингэхдээ бүх зүйл Монгол Улсын эрх ашигт нийцсэн байх үндсэн зарчмыг баримталж, харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгааг дуулгав.
 
Мөн тэрээр, Монгол Улсын гадаад бодлогыг газар дээр нь хэрэгжүүлэгч Элчин сайд, Ерөнхий консул, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн Та бүхэн нэг цонхны гадаад бодлогын зарчмыг тууштай хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Төр засгийн бодлогыг сурталчилах, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөтгөхөд нэг зарчим баримталдаг. Яам, агентлаг, аймаг, орон нутгийн түвшинд гадаад орнуудтай харилцах харилцаа зохицуулалтгүй байгаад анхаарах шаардлагатай гэлээ.
 
 
Гадаад харилцааны яамнаас “Төрийн бусад байгууллагыг гадаад бодлогын мэдээллээр хангах журам”-ыг батлан хэрэгжүүлж байгаа. Уг журамын дагуу УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар Элчин сайд, Ерөнхий консул, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд суугаа болон хавсран суугаа орныхоо ижил төрлийн хуулийн талаар судалгааг тогтмол хийж мэдээлэл ирүүлж байх хариуцлагатай үүрэг хүлээж байгааг тэмдэглэв.
 
Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд УИХ-ын дарга улс орны эдийн засаг, нийгмийн талаар товч танилцуулав. Шинээр батлагдсан Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн экспортод чиглэсэн үйл ажиллагааг тэлэх нөхцөлийг бүрдүүлэхэд бодит дэмжлэг  үзүүлэх байдлаар Элчин сайд, Ерөнхий консул, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах бололцоо байгааг УИХ-ын дарга онцолж байлаа.
 
Тухайлбал, үндэсний үйлдвэрлэгчдийг экспортод чиглэсэн үйл ажиллагаа эрхлэхэд хөрөнгө оруулж хамтран ажиллах аж ахуйн нэгжүүдтэй холбож өгөх, тухай орны үйлдвэр аж ахуйн байгууллага, компани, нийгмийн салбаруудын тэргүүн туршлага, технологийг Монголд нэвтрүүлэх чиглэлд идэвхтэй ажиллах нь зүйтэй гэв.  
 
Энэ ажлын хүрээнд холбогдох яам, агентлагуудаар Монголын үйлдвэрлэлийн үндсэн чиглэл, техник, технологийн талаарх судалгаа, тоо баримт, хэрэгцээг гаргуулах, тэдгээрт үндэслэн үйлдвэрлэгчдэд тухайн улс орон ямар чиглэлээр дэмжлэг үзүүлж болох талаар холбогдох байгууллагуудад мэдээлэл ирүүлж харилцан идэвхитэй хамтран ажиллах боломж байгааг онцлон тэмдэглэв.
 
 
 
Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсыг төлөөлөн гадаад орнуудад суугаа Элчин сайд, Ерөнхий консул, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд суугаа болон хавсран суугаа орныхоо парламентын гишүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж, парламент хоорондын бүлгийн үйл ажиллагааг дэмжиж, Монгол Улсын ашиг сонирхолыг хүндэтгэдэг бүлэг үүсгэхэд анхаарч, бололцооныхоо хэрээр ажиллах чиглэл өгсөн юм.
 
Мөн энэ үеэр ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн 2015 оны намрын уулзалт ирэх 09 дүгээр сарын 15-18-нд Улаанбаатар хотноо зохиогдоно. Энэ уулзалтад ЕАБХАБ-ын гишүүн орнуудад сууж буй Элчин сайд нар онцгойлон анхаарч, суугаа орноосоо өндөр түвшний төлөөлөгчид ирүүлэх талаар идэвхтэй ажиллахыг үүрэг болгов.
 
 
Төгсгөлд нь УИХ-ын дарга уулзалтад оролцсон Элчин сайд, Ерөнхий консул, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчны талаар болон шинээр батлагдсан хууль тогтоомжийг судлах, сурталчилах ажлыг эрчимжүүлэх талаар харилцан ярилцаж, санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.