sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол эх орноо төлөөлөн гадаад орнуудад ажиллаж буй Элчин сайд, Ерөнхий консулуудтай уулзаж үг хэллээ.
 
Монгол Улсаас гадаад орнуудад сууж буй Элчин сайд, Ерөнхий консулууд энэ өдрүүдэд Улаанбаатарт цугларч Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөнд оролцож байгаа юм.
 
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад бодлого идэвхтэй явж, тодорхой салбаруудад амжилтад хүрч байгааг манай Элчин сайдууд сайн мэдэж байгаа. Эдгээр амжилтаас товчхон хэлэхэд хоёр хөрш оронтой харилцах харилцаанд чанарын шинжтэй өөрчлөлтүүд гарч, харилцааны түвшин дээшилсэн.
 
Хоёр хөршийн Төрийн тэргүүд Монголд айлчилсныг түүхэн айлчлал гэж дүгнэж байгаа. Түүгээр олон жил ярьж байсан асуудлуудыг шийдэж чадсан. Цаашид хийх ажлуудынхаа суурийг тавьсан.
 
Монголын талын санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын анхны 3 талт уулзалт өнгөрсөн жил болсон. Удахгүй ОХУ-ын Уфа хотод хуралдах ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр мөн гурвалсан уулзалт хийх, өмнө нь ярьж тохирсон зарим баримт бичгийг байгуулахаар төлөвлөж ажиллаж байна.
 
Ялангуяа гааль, худалдааны асуудал дээр учирдаг хүндрэлүүдийг арилгах, дэд бүтэц, эдийн засгийн хамтын ажиллагааны ерөнхий зарчмыг тохирох зэрэг үйл ажиллагаа, гэрээ хэлэлцээрүүд ид явагдаж байна. Эндээс сайн үр дүн гарах байх гэж бодож байгаа.
 
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт давхар болно. Бразиль, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Өмнөд Африк зэрэг улсын Төрийн тэргүүнүүд ирж байгаа. Мөн Европ-Азийн эдийн засгийн холбооны удирдлагууд ирж байгаа.
 
Энэ удаагийн Уфагийн уулзалт их өргөн утга агуулгатай, олон удирдагчид цугласан уулзалт болох гэж байна. Үүнд Монгол Улсын ГХЯ их сайн бэлтгэж оролцох гэж байгаа.
 
Монгол Улсын гуравдахь хөршийн бодлого эрчимтэй хөгжсөн жилүүд болж өнгөрлөө. Товчхон зарим зүйлийг хэлэхэд Япон улстай анх удаа Эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээг байгуулж дууслаа. Энэ нь Монгол Улсын хувьд гаднын оронтой анх улдаа чөлөөт худалдааны хэлэлцээг бүрэн хэмжээгээр хийж үр дүнд хүрч чадлаа.
 
АНУ-тай Ил тод байдлын гэрээг байгуулсан. Энэ нь зөвхөн АНУ-тай хийсэн гэрээ биш, Монголд оруулж ирэх хөрөнгө оруулалт дээр хандах хандлага, зарчмуудаа шинээр тохирсон зүйл боллоо” гэлээ.
 
Төрийн тэргүүн уулзалтын үеэр мөн Монгол Улсын улс төрийн байдал болон цаг агаарын төлвийн талаар мэдээлэл хийв. Зуншлага сайнгүй, ихэнх газраар гантай байгаа тул өвөл зуд болж, цагийн байдал хүндэрч магадгүй байгаа талаар Элчин сайдуудад мэдээлэл өгсөн юм.