sonin.mn
ДАМАСК. /NHK/. Хоёр долоо хоног орчмын өмнө Курдын хүчнийхний чөлөөлсөн Сирийн хойд нутгийн хотыг “Лалын улс” бүлэглэлийн босогчид дахин булаан эзэлжээ.
 
Их Британид төвтэй “The Syrian Observatory for Human Rights” төрийн бус байгууллагын мэдэгдсэнээр, “Лалын улс”-ын босогчид өчигдөр Айн-Исса хот руу давшиж, тус хот болон ойр орчмын бүсүүдэд хяналтаа тогтоосон байна.
 
Айн-Исса нь “Лалын улс”-ын нийслэл гэгдэж буй Сирийн Ракка хот болон мөн босогчдын хяналтад буй Мосул хот хоорондын гол замын дагуу оршдог стратегийн чухал хот юм. Энэ хот нь Раккагаас 50 орчим км зайтай оршдог.
 
Сирийн Курдын хүчнийхэн Туркийн хилийн хотоор дамжин өмнө зүгээс давшсанаар өнгөрсөн сарын 23-нд Айн-Иссаг чөлөөлсөн юм. Курдууд нь АНУ тэргүүтэй эвслийн тусламжтайгаар “Лалын улс”-тай газраар тэмцэж байгаа билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг