sonin.mn
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Киргизийн парламентын бүлгийн дарга А.Бакей манай улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент /Жогорку Кенеш/-ын гишүүн Бадыкеева Нуржан Нуралиевна, Кочкарова Эристина Азрет-Алиевна нарыг өнөөдөр /2015.07.07/ Төрийн ордонд хүлээн авч уулзав.
 
Өнө эртнээс түүх, уламжлалын улбаа хэлхээтэй, олон жилийн найрсаг харилцаатай Киргиз Улсын парламентын зочдыг хүлээн авч уулзаж буйдаа сэтгэл таатай байгаагаа Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей уулзалтын эхэнд илэрхийлээд манай орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжин, тэр дундаа парламент хоорондын харилцаа идэвхжиж парламентын гишүүд, найрамдлын бүлгүүдийн харилцан айлчлал, уулзалтын давтамж нэмэгдэж байгааг онцлов.
 
Тэрээр цааш нь манай хоёр орны ард түмэн, тэр дундаа парламентын гишүүд бидэнд санаа бодлоо хуваалцаж харилцан судлах, суралцах, сайн туршлагаа солилцох нь чухал ач холбогдолтой юм.
 
Энэ үндсэн дээр хоёр орны харилцааны хүрсэн түвшинг улам өргөжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломж, арга замыг эрж олох, иргэд хоорондын харилцааг ойртуулах таатай боломж бүрдэх юм гээд Монгол оронд тавтай зочилж, удахгүй болох гэж буй үндэсний их баяр наадмыг үзэж сонирхохыг хүсэв.
 
 
Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын гишүүн Бадыкеева Нуржан Нуралиевна, Кочкарова Эристина Азрет-Алиевна нар Монгол Улсад айлчлах боломж олгож, хүндэтгэл үзүүлэн халуун дотноор хүлээн авч уулзаж буйд нь Байнгын хорооны дарга А.Бакейд талархал илэрхийлээд Ази тивд ардчиллыг хөгжүүлэх үйл хэрэгт үлгэр жишээ болж байгаа Монгол Улс, түүний төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцаж, парламентын гишүүдтэй уулзаж санал солилцох, туршлагаас нь хуваалцах сайхан боломж олдсонд баяртай байна. Мөн энэ айчлал маань монгол түмний үндэсний их баяр наадмын үеэр тохиож байгаад бүр ч их баяртай байна гэдгийг хэлсэн юм.
 
 
Киргизийн Парламентын гишүүн Бадыкеева Нуржан Нуралиевна өөрийн ээж 76 настай Бадыкеева Бакирова Асиратай хамт иржээ. Учир нь Бадыкеева Бакирова Асира олон жилийн өмнөөс Монгол орны бүтээн байгуулалтын үйлсэд гар бие оролцон Эрдэнэт хотод хэсэг хугацаанд ажиллаж амьдарч байсан аж.
 
Тэрээр Монголд хамт явахыг урьсан охиныхоо хүсэлтийг тун баяртай хүлээн авч, сэтгэл догдлон яарч ирсэн, өнөөгийн Монгол орон танигдахын аргагүй хөгжин цэцэглэж байгааг харахад үнэхээр сайхан байна хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
 
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Г.Сумъяа нар байлцав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.