sonin.mn
Москва хотын эрх баригчид орон гэргүй хүмүүст үс засуулах болон сахал хусахад нь зориулж үнэгүй үсчингийн газрыг анх удаагаа ажиллуулахаар шийдвэрлэжээ. Энэ тухай оросын Үнэн алдартны шашны сүмийн дэргэдэх “Милосердие” /”Нинжин сэтгэл”/ хандивын албаны хэвлэлийн нарийн бичгийн дарга Анна Овсяникова уламжилжээ.
 
Москвагийн Николоямская гудамжинд байрлах “Ангара спасения” /“Авралын асар”/-д тэнэмэл хүмүүс усанд орж, шаардлагатай нийгмийн халамжийн тусламж авах боломжтой болно.
 
Овсянниковагийн яриагаар, өнөөдрийн байдлаар гэхэд л тэнэмэл хүмүүсийн дунд үсчнээр цалингүй ажиллах хүсэлтэй нэлээд хүн саналаа ирүүлжээ. Одоохондоо тэнэмэл хүмүүс нь ажилчдын амралтын зориулалтын ямарч тохижилт хийгдээгүй өрөөнд матмал сандал дээр сууж үсээ засуулж байна.
 
Иймд хандивын сангаас үсчний газрын тохижилтод шаардагдах 80 мянган рублийг /1500 орчим ам.долл./ цуглуулж буй юм. Мөнгийг “Милосердие” сангийн сайт руу онлайнаар шилжүүлж эхлээд байна. Цахим түрийвч ажиллаж эхэлсэн эхний гурван цагт тус сан 2 мянган рубль цуглуулжээ.
 
Зохион байгуулагчдийн үзэж буйгаар, цаашид ийм байдалтай бөйвал тэнэмэл хүмүүс тун удахгуй тохилог үсчингийн газартай болох гэнэ. Түүнээс гадна тэдний ярьж буйгаар, өдөр бүр 10 мянган тэнэмэл хүн үсээ засуулахаар ханддаг юм байна. Хүмүүс ажил хайхын өмнө үс зүсээ засуулж, өнгө орж, гадаад байдлаа цэгцлэхэд их анхаардаг гэнэ. Цаашид хумс авах үйлчилгээг ч нэвтрүүлэх шаардлагатай болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна. 
 
Сонирхуулахад, 2014 онд оросын нийслэл хотод анх удаагаа тэнэмэл хүмүүст зориулж , “Ангара спасения” /”Авралын асар” / дулаацуулах цэгийг ажлуулж эхэлсэн билээ.
 
Тэнд орон гэргүй хүмүүс шүршүүрт орох, хувцсаа угаах, дотуур хувцсаа солих бололцоо олгохын зэрэгцээ дулаан хувцас олгож байжээ. Өнгөрсөн оны 11 –р сараас хойш Николоямская гудамжинд /Таганская метростанц/ орших тусламжийн асар 70 гаруй мянган тэнэмэл хүнд тусламжийн гараа сунгажээ.
 
А.Огторгуймаа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг