sonin.mn
Монгол Улсын Зэвсэгт хүчин япончуудын зам барилгын арга ухаанаас суралцах боломжтой болжээ. Тодруулбал, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн инженерүүд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчидтай хамтарсан сургалт дадлага явуулахаар боллоо.

Сургалтаар японы цэргүүд зам барих ур ухаанаа хоёр сар гаруйн хугацаанд манай цэргүүдэд заах юм байна. Хамтарсан сургалтын нээлтийн ажиллагаа өнгөрсөн ням гаригт Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид болсон бөгөөд  Японы Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Ниши Масанори манай улсад айлчлахтай энэхүү арга хэмжээ давхацсан.
 
Ноён Ниши Масанорийн айлчлалын зорилгуудын нэг нь хоёр орны цэргүүдийн хамтарсан сургуулилтыг эхлүүлэх явдал байсан юм. Түүнийг дагалдаж Японы Өөрийгөө хамгаалах хүчний Инженерийн сургуулийн захирал, хошууч генерал Косэ Микио, Японы Батлан хамгаалах яамны Олон Улсын бодлогын хэлтсийн дарга Ёошида Масанори тэргүүтэй албаныхан ирсэн байв.
 
Харин Монгол талаас хамтарсан сургуулилтын нээлтийн ажиллагаанд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, тус яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам болон Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч, хурандаа Л.Гансэлэм нарын удирдлагууд оролцлоо.
 
Хошууч генерал З.Болдбаатар арга хэмжээнд нээж үг хэлэхдээ Япон, Монгол Улсын батлан хамгаалах салбар ойрын хугацаанд илүү эрчимтэй хөгжиж буйг онцлоод  хоёр орны Зэвсэгт хүчин цэргийн чадавхийг дээшлүүлэхээр хамтарсан сургалт дадлагыг эхлүүлж буйд талархсан юм.
 
Харин Японы Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Ниши Масанори "2010 онд Монгол Улсад айлчилж байлаа. Тэр үед би яамныхаа  Гадаад хамтын ажиллагааны дарга байсан. Өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга болоод Монгол Улсад хоёр дахь удаагаа ирж байна. Бид энх тайван байдлын төлөө санаа зорилго нэгтэй ард түмэн.
 
Тэр ч утгаараа бүх салбар хамтран ажиллаж байна. Мэдээж  Батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлж байгааг онцлох учиртай. Манай улс анх удаа энэ жил  "Хааны эрэлд" олон улсын сургуульд өөрийн цэргийн багаа оролцууллаа. Цаашдаа илүү хамтран ажиллана гэдэгтээ илтгэлтэй байна" гэсэн юм.
 
Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн 15 гаруй инженер манай улсын Зэвсэгт хүчний 20 гаруй алба хаагчид зам барих арга барилаа өнөөдрөөс эхлэн зааж байна. Ингэхдээ Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн орчимд 200 метр замыг дадлага болгон хамтран барихаар сургуулилтаа эхлүүллээ. Хамтарсан сургуулилт ирэх есдүгээр сарын 15-нд өндөрлөнө.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг