sonin.mn
МОСКВА. /Yalibnan/. Украины хямралаас болж Өрнөдийн орнуудтай үүссэн маргаан цаашлаад олон улсын байдал хурцадмал болсонтой холбоотойгоор армиа бэлтгэж, бэлэн байдалд байлгах зорилгоор Зэвсэгт хүчний шинэ нөөц бий болгох тушаал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гаргасан байна.
 
Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоныхоо дараахан буюу 2012 онд анх удаа нөөц хүчин бий болгох тушаал гаргасан бөгөөд уг асуудлыг ОХУ хэдэн жилийн турш хэлэлцэж байгаа билээ.
 
ОХУ-ын шинэ нөөц хүчин одоогийн армийн нөөц хүчнээс ялгаатай нь байнгын бус албан хаагчдын цалинг сарын эцсээр олгож, тогтмол бэлтгэл сургуулилтад хамруулна.
 
ОХУ-ын арми хуучин албан хаагчдаа оруулаад нэлээд хэдэн сая албан хаагчтай боловч тийм ч хангалттай бэлтгэл сургуулилт хийдэггүй байна. Санхүүжилтийн асуудлаас болж нөөц хүчин шинээр байгуулах ажиллагаа хойшлогдсон гэж ОХУ-ын хэвлэлд мэдээлжээ. Нөөц хүчний санхүүжилтийг Батлан хамгаалах яамны төсвөөс гаргахыг Путин Засгийн газартаа тушаал болгосон байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг