sonin.mn
Нийслэл хотод энэ сарын 18-ны өдөр үргэлжилсэн усархаг шүрүүн бороо орсны улмаас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэдээс үер усны аюултай холбогдолтой 6 дуудлага, 2 мэдээлэл ирснийг дүүргийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авч, бие бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.
 
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 1-1 тоот иргэн М.М-ын байшин усанд автлаа гэсэн дуудлагаар Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 4 албан хаагч очиж, суваг шуудуу татаж хашаанд нь тогтсон усыг зайлуулж аюулгүй болгожээ.
 
Мөн 14 дүгээр хороо Хайлаастын 1-1 тоотод байшингийн дээвэр нурлаа гэсэн дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Я.Жаргалсайхан, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн ахмад Л.Тамир, 14 дүгээр хорооны Засаг дарга Л.Давийчомбо, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч Мөнхбат, шинжээч ахлагч Ундрал нар ажилласан байна.
 
Дүүргийн Цахилгаан Зүүн түгээх төвийн шуурхай бүлгийг дуудаж 380 вт хүчдэлийг салгуулж, тус байрны түрээслэгч 12 айлын оршин суугчдыг түр хугацаагаар ах дүү, хамаатан садан руу нь нүүлгэн шилжүүлжээ.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг