sonin.mn
Өндөр гэгээн Занабазар мэндэлсэний 380 жилийн ойд зориулсан даншиг наадмын бай шагналд 149 сая төгрөг гаргахаар болжээ. Энэхүү түүхт ойг хэрхэн тэмдэглэн  өнгөрүүлэх болон Даншиг наадмыг зохион байгуулах ажлын хэсэг томилогдсон талаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлаар мэдээллээ. Даншиг наадам энэ сарын 24-нөөс 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
 
Уг наадмыг Зохион байгуулах ажлын хэсгийн даргаар УИХ-ын дэд дарга А.Гончигдорж, дэд даргаар УИХ-ын гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар ажиллах юм. Тус ажлын хэсэгт бүх аймгийн Засаг дарга нар, холбогдох яамдын дарга нар хамтран ажиллана.
 
Түүхт ойг тэмдэглэх ажлын хүрээнд оны эхэнд гадаад дотоодын олон улсын хурлууд, Өндөр гэгээн Занабазарын төрсөн нутгаар аялах, түүний амьдрал, уран бүтээлийг танилцуулж сурталчилсан. Мөн түүний уран бүтээл, урлаж бүтээсэн бурхад, сүм хийд, үзмэрүүдийг дэлгэсэн үзэсгэлэнг наадмын үеэр гаргаж олон түмний хүртээл болгоно.
 
Засгийн газар энэ түүхт наадмыг дангаараа зохион байгуулах бус бүс нутгуудыг хамруулсан аялал жуулчлалын томоохон арга хэмжээг зохион байгуулах шийдвэр гаргажээ. Энэхүү наадмын үеэр Өндөр гэгээн Занабазарыг сурталчилан таниулах олон арга хэмжээ болно.  
 
Наадмыг Монгол Улсын эртний нийслэл Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулна. Тус аймагт Өндөр гэгээн Занабазар өөрийн бүтээлүүдээ туурвиж байсан юм.
 
Наадмын онцлох үйл явдал болох урлагийн арга хэмжээг Ардын жүжигчин, төрийн хошой шагналт, МУЗ-ийн тэргүүн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хариуцан ажиллана. 
 
Наадмыг зохион байгуулах хорооноос 24-ний өдөр эрлийз насны морийг уралдуулна. Наадмын хоёр дахь өдөр үндсэн зургаан насны морьдыг уралдуулах юм. Хурдан морь унах хүүхдийг хамгаалах хэрэгслээ сайтар шалгаж уралдаанд оролцуулахыг уяачдад анхааруулсан юм.
 
Морьдын уралдааны хувьд азарга, соёолон, их нас  25 км, хязаалан 18 км, даага 12 км зайд тус тус уралдахаар болжээ. Уралдааны комисст уяачдаас оролцуулна. Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, наадмын комисстой хамтран “Шилдэг монгол айраг” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
 
Тус наадмыг улсын хэмжээнд NTV, ETV, Сүлд телевиз шууд дамжуулан хүргэх юм. Харин МҮОНРТ-ээс бүтэн сурвалжлагын баг ажиллахаар болжээ.
 
М.Ихэрбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг