sonin.mn
Урин дулаан цаг ирж иргэд амарч зугаалах, эмийн ургамал түүх, хайгуул хийх, алт олборлох, мал хариулах, түлээ, мод бэлтгэх зэргээр хээр гадаа, ой модонд явах нь ихэсдэг. Энэ үед хачигт хазуулах тохиолдол багагүй гарч байгаа учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж байна.  
 
Хачигт хазуулсны дараа хазсан хэсэгт улайх, өвдөх, ойролцоо тунгалагийн булчирхай үрэвсэх, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, бөөлжих зэрэг зовиур илэрдэг.Хачигт халдвараас сэргийлэх үндсэн арга нь хачигаас зайлсхийх, хачигт хазуулахгүй байх юм.
 
Үүний тулд:
Хачигтай газар явах үед биед хачиг орохооргүй битүү, гялгар гадаргуутай, тод өнгийн хувцас, түрийтэй гутал, малгай, алчуур хэрэглэх
 
Ой, хээр, малд явахдаа өөртөө болон бие биендээ үзлэг хийж, хувцас, биед наалдсан хачгийг гөвж унагах, авч хаях
 
Үргээгч бэлдмэл /түрхлэг, тос, аэрозоль гэх мэт/ хэрэглэх
 
Хэрвээ хачиг биед шигдсэн бол зөв авах нь чухал. Үүний тулд хачиг дээр ургамлын тос түрхэж 1-2 минутын дараа хачгийн ил хэсгээс хавчаараар барьж, 45 хэмийн налуу өнцгөөр зөөлөн дээш татаж авна. Арьсанд шигдсэн хачигны хошууг нарийн утсаар оосорлож 2 үзүүрийг хачигийн ил хэсгийн хоёр талд үлдээнэ. Утасны 2 үзүүрийг хачигны хошууг тойруулж зангилаад зөөлөн ганхуулах замаар хошуутай нь сугалж авах нь зүйтэй. Хачигууд нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, тэдгээрийг хүн, мал, амьтдын цусыг сорохдоо дамжуулдаг. Манай улсын ойн болон бэлчээрийн хачгийн тодорхой хувь нь хачигт энцефалитийн вирус, боррелиоз, риккетсээр халдварлагдсан байдаг юм.