sonin.mn
МОСКВА. /Reuters/. Украин болон АНУ тэргүүтэй НАТО-гийн холбоотнууд Украинд хамтарсан цэргийн сургуулилт хийж байна. Хамтарсан сургуулилт хийж байгааг ОХУ эрс шүүмжилж байна. Украины баруун нутгийн Львов мужид болж буй “Хурдан жад” цэргийн сургуулилтад 18 улсын 2000 орчим цэрэг оролцож байна.
 
Украины БХЯ-ны мэдэгдсэнээр, тус улсын зүүн нутагт байгаа Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүдтэй байлдаж буй Украины армийн батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх зорилгоор энэ сургуулилтыг хийж байгаа ажээ.
 
Долдугаар сарын эцэс хүртэл үргэлжлэх сургуулилтад мөн 900 зэвсэг, 130 цэргийн тээврийн хэрэгсэл ашиглаж байна. Ийм сургуулилт хийж байгааг Оросын ГХЯ эрс шүүмжлээд, “НАТО энэ  сургуулилтаар хурцадмал байдлыг улам дэвэргэж байна” гэсэн юм.
 
Энэ оны хоёрдугаар сард гал зогсоох хэлэлцээр байгуулсан ч Украины арми болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүдийн хооронд байлдааны ажиллагаа үе үе үргэлжилсээр байна.
 
Украины Засгийн газрын мэдэгдсэнээр, өнгөрсөн долоо хоногийн ням гарагт байлдааны ажиллагааны үеэр хоёр иргэн амь үрэгдэж, зургаан иргэн шархаджээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг