sonin.mn
АБУЖА. /ВВС/. Лалын босогчдын “Боко Харам” бүлэглэлтэй тэмцэхэд тусална гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухарид амлажээ. Тэд хэт давруу үзэлтнүүдийг дарахын тулд хамтран ажиллах асуудлыг голлон хэлэлцсэн байна.
 
Бухариг ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш “Боко Харам”-тай тэмцэхэд дэмжлэг үзүүлэн таван сая доллар өгөхөөр шийдсэнээ АНУ мэдэгдсэн юм. Тус бүлэглэлийн босогчид 2009 оноос хойш Нигерийн зүүн хойд нутагт хэдэн мянган хүнийг хөнөөгөөд байгаа билээ.
 
Обама Цагаан ордонд Нигерийн удирдагчийг хүлээн авч уулзсаныхаа дараа мэдэгдэл хийхдээ, “Нигери бол Африк тив дэх хамгийн чухал улсуудын нэг” гээд, хэт давуу үзэлтнүүд болоод авлигатай тэмцэхэд хүчин чармайлт гаргаж буй Бухариг сайшаажээ.
 
“Боко Харам” бүлэглэл 2009 онд гарч ирснээсээ хойш Нигерийн хойд нутагт халдлага үйлдсээр байна. 2014 оны дөрөвдүгээр сард тус бүлэглэлийнхэнд хулгайлагдсан, Нигерийн 276 сурагч охин өнөө хэр нь олдоогүй байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг