sonin.mn
Хошгируулагч ерөнхийлөгч 
 
Тал хөндий чимээ алдран дуниартана. Энд тэндгүй тарвага, зурам гүйлдэнэ. Тэнгэрт элээ шувуу эргэлдэнэ. Гэв гэнэтхэн соотон чихээ дэлдэгнүүлж, моодон сүүлээ могжигнуулсан тарвагачин эр газрын гаваас гарч ирээд учиргүй дошгиноор хошгичиж уудам талыг чичиргэнүүлэн гижигдэж орхив. Энд тэндгүй идэшлэгч тарвага зурам чимээрхэж, сүргийн манлай бүдүүн бурхи хойт хоёр хөл дээрээ гозойн босоод ход ход, час час хошгичив. 
 
Бусад нь бараг бүгдээрээ түүнийг даган дуурайцгаав. Үзвэл үнэг ч юм шиг, ахиулж сайн харвал дэлхий дээгүүр дэгдэн дэвхрэгч дэлдэн бор туулай ч гэлтэй хачин сонин амьтан ийшээ ч нэг үсэрч, тийшээ ч нэг дэвхэрч нүд бүлтийлгэн бүжиж, чих дэлдийлгэн хошгичуулж даллуураараа даллаж нааш ир нааш ир найзаа хэмээн дуудаж байв. Үзээгүй сонин үзмэр, харж байгаагүй хачин үзэгдэл. 
 
Намрын тарган тарвагануудын тачаал сэрлийг яалт ч үгүй гижигдэж хөдөлгөжээ. Хоолой нийлүүлэн хошгичиж, хондлой гялалзуулан палбилзана. Мөндлүүд нүхнээсээ орж гаран булталзана. Нэгэн хэвийн уйтгартай амьдралыг нь нэн сонин, тун содон цоо шинэхэн зүйл гэв гэнэт ийнхүү цочроож өдөөжээ. Тарваганууд бужигналдаж хоолой мэдэн хошгичино. 
 
Зурамнууд гүйлдэж, нуруун дээрээ чогчого унуулан уралдана. Өнөөх үнэг, үгүй ээ туулай энд тэнд үсчин дэгдэж сүргийн манлай бүдүүн бурхи руу алхам алхмаар ойртож нэг хэвтэж, нэг босч, бас холбирч хөлбөрч хүртэл үзнэ. Эгдүүтэй, эгдүүтэй! 
 
Эзэн тарваганы эгдүү хөдлөн тэсвэр алдагдаж ээрэм талыг доргитол час час чангаар хошгичих сацуу буу тасхийж бүдүүн бурхи дошин дээрээ навтасхийн нам унав. Тарваганууд халбалзан харайлгаж нүх нүхэндээ багтаж ядаж шургачин орцгооно. Мөндлүүд нь мөр мөрөө даран шахцалдана.
 
Тарвагачин эр ганцхан ухасхийгээд овоолоостой шороо бүхий довонд хүрч нас бие гүйцсэн намрын тарган бурхийг сүүлнээс нь өргөж хэдэнтээ сугсран сэгсрэв. Үс сор нь гялтганан гялбалзана. Зэргэлдээх жалганд эцгийнхээ морийг цулбуурдан барьж томоотой бөгөөд тэвчээртэй хүлээж  суусан бяцхан хөвүүн тэр даруй хар хурдаараа түүн дээр гүйж ирээд ангийн дээжийг ааваасаа гардан авав. 
 
Эл бүхнийг нүд бүлтийлгэн гайхан харж суусан нэг идэвхтэй үзэгч нь тэр жаалхүү байжээ. Эцгээрээ бахархах сэтгэл эрхгүй төрж байсан байна. Элэгдэж халцарсан калибр бууг нь шүүрч аваад эцэг шигээ тарвагачлан ангуучлах хязгааргүй хүслэн цээжинд нь оволзож байв. Гэвч эцэг хүүдээ буугаа өгсөнгүй. Нүхэндээ шургасан тарваганууд сониуч зандаа хөтлөгдөн төдөлгүй бүгдээрээ эргэн гарч иржээ. 
 
Түрүүчийн дүр зураг жаалхүүгийн нүдэн дээр ахиад л давтагдав. Наран шингэх үеэр эцэг хүү хоёр намнасан тарвагануудаа хүлэг мориндоо дааж ядтал ачиж газар шүргүүлэх шахам нугсалзуулан сугсалзуулсаар олз омог дүүрэн гэртээ буцаж ирцгээжээ. Зам зуурт жаал хүү эцгээсээ асуув
 
-Ааваа, ааваа энэ тарваганууд яагаад нүхнээсээ ахин дахин булталзан гарч ирээд өөрсдөө сайн дураараа буудуулаад байгаа юм бэ? Алуулахаасаа айдаггүй юмуу.
 
-Дэгдээхэй нялххан үр минь чи дэндүү балчирхан байгаа учраас тэр бүрийг гүйцэд ойлгож ухаарахгүй буй заа. Хорхойг нь хөдөлгөж хошгируулж байгаад буудсаныг хараагүй юүчи?
 
-Харсаан ааваа харсан, хачин сонин санагдсан. Нэг л зүйлийг үнэхээр ойлгохгүй байна. Нээрээ яагаад тарваганууд хашрахгүй байгаа юм бэ? Энэ янзаараа үргэлжилбэл ирээдүйд устаж алга болно шүү дээ бүгдээрээ.
 
-Аливаа амьтан бүгд сониуч. Мянган жилийн өмнө ертөнцийн бүх тарвага ийм л байсан, өнөөдөр ч өөрчлөгдөөгүй тэр хэвээрээ л байна. Мянган жилийн дараа ч, хэрэв амьд мэнд үлдэж чадвал, тэр л хэвэрээ байх болов уу даа хүү минь.
 
-Бүх амьтан ийм байдаг юмуу ааваа?
 
-Тиймээ, бүх амьтанд сониуч зан аль нэг байдлаар хадгалагдаж байдаг. Түүнийг нь олж онилох, огшоож сэдрээх хэрэгтэй. Хошгоруулах шаардлагатай. Тэгвэл зорьсондоо заавал хүрнэ.
 
Эцгийн эл үгийг сонсоод жаалхүү гүн бодолд дарагдав. Тэр сэргэлэн толгой байлаа. Түүний цээжинд тарвагыг хошгируулж болсон юм чинь хүнийг хошгируулж бас болох бусуу хэмээн бодогдож байлаа. Гижигдэх шиг л болж, час час инээмээр санагдаж байжээ...
 
Хэдэн жилийн өмнө зарим телевиз, цахим сайтаар энд тэндгүй цацагдсан Цахиагийн Элбэгдоржийн алдарт “Хошгируулна ш дээ” хэмээх үгийг сонсоод надад яг дээрх дүр зураг нүдэнд харагдах шиг болж билээ. Ардчилсан намын журмын нөхөддөө хандаж хэлсэн чин сэтгэлийнх нь үг. Сонгуулийн гол арга тактик нь. Улсын Их Хурал болоод орон нуггийн иргэдийн хурлын ээлжит сонгууль бүрийн өмнө иргэд сонгогчдыг ингэж хошгируулдаг юм. 2016 онд ч мөн л хошгируулна. Үүнээс нь болоод монголчууд түүнийг  “хошгируулагч” хэмээн цолложээ.
 
Ц.Элбэгдоржийг би эрт дээр үеэс мэдэх юм. МСХ-нд намайг байхад тэр “Улаан-Од” сонинд сурвалжлагчаар ажиллаж байв. Шүлэг зохиол бичдэг сүрхий нөхөр байсан юм. Би Цаст богд Сутайн ар хормойд, тэр Баатар хайрханы өвөр энгэрт төрж өссөн нэг нутгийнхан. Цэцэг, Мөст, Зэрэг сумын уулархаг нутаг, үзэсгэлэнт тал хөндий биднийх. Алтайн уулсын хэлтэрхийнүүд. Бас аль аль нь сэтгүүлч мэргэжилтэй. Орост дээд мэргэжил эзэмшсэн гэх зэргээр яриад байвал нийлж нэгдэх адил төстэй юм бишгүй бий.
 
Бас ялгарах зүйл ч зөндөө. Ганц нэгийг нь зориуд тодотгож хэлье. Ямар ч байсан тэр бол нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нэртэй улстөрч. Ерээд оны ардчилсан хувьсгалыг үүсгэн мандуулагчдын нэг. Туг дарцаг нь болон намирч явсан нэгэн. Хэвлэлийн эрх чөлөө гэж хэлд бас хөлд орсон тэмцэгч гавьяатан. 1998 оны хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг санаачлагч. Монголын хэвлэлийн түүхэнд энэ нь лавтайяа тэмдэглэгдэж үлдэнэ. 
 
Ерөнхийлөгч болмогц хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиа шинэчлэн найруулж батлуулна гэж биднийг хагартал баярлуулсан. Хэлсэн амандаа хүрч шинэчлэн найруулсан хуулийн төслөө УИХ-д өргөн барьсан. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд хөл алдан баярлаж бүтэн жил гаруй хэлэлцэн санал бодлоо нэмэрлэж билээ. Гайхалтай нь нэгдсэн чуулганаар оруулж яг батлагдахын даваан дээр Элбэгдорж Ерөнхийлөгч эргүүлэн татаад авчихсан.Бүгдийг алмайруулав. Ингэнэ чинээ хэн ч санасангүй. Хошгируулж орхив.
 
Тэглээ гээд бид итгэл алдарсангүй. Нүдээ чилтэл горьдон харж, хүсэн хүлээсэн хэвээрээ. Тэр тусмаа би бээр түүнд илүүтэй ихээр итгэж байсан тул МОНЦАМЭ агентлагт Ерөнхийлөгчийг урьж үндэсний мэдээллийн агентлагийнхаа үйл ажиллагаатай танилцуулж үнэн зөвөөр ойлгуулахыг хэрдээ л хичээсэн билээ. 
 
1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-аас гаргасан 103 дугаар тогтоолд МҮОНРТ-ийн тухай, МОНЦАМЭ агентлагийн тухай хууль гаргаж олон нийтийн статустай болгоно гээд цагаан дээр хараар тодоос тод бичээд баталгаажуулчихсан байсан юм. МҮОНРТ-ийн тухай хууль"2005 онд батлагдсан, харин МОНЦАМЭ нь үлдэж хоцорчихоод байв. 
 
Энэ бүхнийг Ерөнхийлөгчид эрхэмлэн учирлав. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн тухай хуулийн төслийг Сү.Батболдын Засгийн газар хав дарж УИХ-д өргөн барихгүй гацаачихаад байсан цаг үе. Ерөнхийлөгч намайг ойлгож дэмжиж туслана. Хуулийг гаргуулна гэж амлав. Бөөн баяр. Сэтгүүлзүйг мэддэг, хэвлэлийн эрх чөлөөг ойлгодог Ерөнхийлөгчтэй болсондоо бахархацгаалаа. Гэвч амлалт усанд хаясан чулуу мэт алга болов. Сүүлд уулзахдаа ахин түүнд сануулбал Г.Уянга гишүүнтэй уулз, би түүнд хэлчихсэн гэлээ. Тэгээд л чимээ алдарсан. Хошгируулсан нь ойлгомжтой боллоо.
 
Элбэгдоржид цөөнгүй гавьяа бий. Түүний нэг нь дэлхийгээр тарж бутарсан монголчуудыг уугуул эх орондоо эргэж ирэхийг ил тод уриалсан эрэлхэг явдал мөн гэж би батгай итгэдэг. Монголын төрийн тэргүүн хэний ч амнаас урьд өмнө нь ийм үг унаж байсангүй. Тэд их гүрнүүдийн дургүйг хүргэхээс айж эмээсэн хэрэг. Харин манай Элбэгдорж айсангүй. Энэ бол эрэлхэг явдал, эр зориг мөн байлаа. Хоёр гараа өргөн дэмжив. МОНЦАМЭ-гийн дотоод, гадаад хэл дээрх бүх сонин хэвлэлийн нэг голлох байнгын сэдэв болгож хувиргасан. “МОНЦАМЭ мэдээ” сонины өнгөрсөн он жилүүдийн шарласан хуудсууд гэрчилнэ.
 
Намайг Орост суралцаж байхад өнгөрсөн зууны далаад оны эхээр нэг ийм явдал болсон юм. Израил улс гурван сая хүрэхгүй хүн амтай байлаа. Ерөнхий сайд нь эмэгтэй хүн байсан санагдана. Таван тивийн улс орнуудад тархан суурьшсан евреичүүдииг эх орондоо ирэхийг уриалсан юм. Бидэнтэй хамт суралцдаг, шүлэг зохиол нь “Юность” сэтгүүлд нийтлэгддэг ирээдүйтэй гэгдсэн еврей эр Москвагийн Их Сургуулийн сэтгүүлчийн ангийг орхиод Тель- Авив руу явж одсон. 
 
Очоод бидэнд захидал бичсэн, түүндээ надад хагас жилийн хугацаа өглөө. Байр олгосон, цалинжуулж байна. Энэ хооронд би шүлэгч мөн гэдгээ батлан үзүүлэх үүрэг хүлээсэн. Гаднаас эргэж ирсэн бүх хүнд энэ мэтээр ажиллаж хөдөлмөрлөх, аж төрж суурьших боломж олгож байна гэсэн байж билээ. Дэлхийгээр тарсан еврейчүүдийн ихэнх нь эх орондоо эргэж очоод хүчирхэг Израил улсыг байгуулахын төлөө зүтгэцгээсэн. 
 
Өнөөдөр Израил улс дорно дахиныг донсолгож байна. Хүн ам нь аль хэдийнэ таван сая даваад явчихсан гэнэ лээ. Элбэгдоржийн эрэлхэг зоригтой эх оронч уриалгыг би яг энэ утгаар ойлгож, хүлээж авч, идэвхийлэн дэмжиж хэрдээ л хүчин зүтгэсэн билээ. Өвөрмонголын Хөх хотод надтай нэг монгол уулзав. Намайг Улаанбаатарт хүрээд очвол та нар ажлын байраар хангах уу, толгой хоргодох орон байр өгөх үү гэж асууж байна. Би хариулж чадсангүй. 
 
Нутагтаа эргэж ирээд Элбэгдорж Ерөнхийлөгчтэйгээ яаж ийж байгаад уулзлаа. Өнөөх өвөрлөгч иргэний үгийг дамжууллаа. Нуруун дээр дараастай байсан нэг их хүнд ачааг аваад хаячих шиг л санагдсан. Ерөнхийлөгчөө хоног тоолон хүлээлээ. Ямар ч байсан нэг арга хэмжээ авна гэж итгэж найдсан хэрэг. Сар, улирал, хагас жил, бүтэн жил өнгөрлөө. 
 
Ус балгасан юм шиг дув дуугуй. Арга хэмжээ авах нь битгий хэл монголчуудыг эх нутагтаа эргэж ирцгээ гэж ахиж дуугарахаа бүр больжээ. Төрөл арилжсан юм шиг л харагдах боллоо. Хувь заяаны эрхээр энд тэндгүй тариа будаа шиг тархан суурьшсан үсэрсэн цус, тасарсан махны тасархай монголчуудаа молги үмхүүлжээ. Хошгируулчихсан байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр өргөмжлөгдөөд Ц.Элбэгдорж долоон жил өнгөрлөө. Өдөр бүр л цэнхэр дэлгэцээр биднийхээ гэрт зочилж байна. Санал санаачилгыг ар араас нь угсруулж дэвшүүлж байна. Харамсалтай нь нэгийг хэлээд л, нөгөөгөө мартах байдалтай. Долоон жил ингэж явлаа даа. Хэлдэг-хийдэггүй, ярьдаг-яардаггүй Ерөнхийлөгчтэй болжээ бид.
 
“Ард түмний нурууг тэнийлгэж, авилгачдын нурууг бөхийлгөнө” гэсэн. Барсангүй. Авилга хээл хахуул Монголд улам л цэцэглэн хөгжиж байна. Ингэж хэлэхээр хэн нэг нь үл зөвшөөрч Энхбаярыг баривчилсан шүү дээ гэж хэлэх байх. Тиймээ түүнийг баривчилсан. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн нэгэнтээ онож хэлсэнчлэн бөөр шиг жижиг сажиг зүйлсийг бөөгнүүлж байгаад ял тулгасан. 
 
Тэрэн дотор нь эзэн Чингис хааны тухай дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүдийн амаар хэлүүлсэн үгс, үнэлэлт дүгнэлт бүхий асар өндөр ач холбогдолтой номыг хүртэл хамж шимж байгаад оруулсан байдаг. Нэг ширхэг ч нэхэмжлэгчгүй, бас хохирогчгүй хэргүүд. Улстөр судлаачид, мэргэжлийн зарим хуульчид хүртэл захиалгат хэлмэгдүүлэлт гэж тодорхойлсон. Өрсөлдөгчөө дарж авах гэсэн ов мэх гэж олон хүн хэлдэг. Ард түмнээ айдас хүйдэст аргамжих гэсэн оролдлого гэж тодорхойлох нь ч бий.
 
Ийм үйлдэл хийснээрээ Элбэгдоржийн нэр хүнд лав л улс орныхоо дотоодод өсч дээшлээгүй. Харин ч уруудаж доройтсон. Монгол төрийн нэр хүндийг шороотой хутгаж самарсан.Төрийн минь сүлд өршөө хэмээн сүслэн залбирдаг монголчуудын сэтгэлийг сэмрүүлчихсэн. Жинхэнэ авилагчаа тэр онилж онож буудаж чадаагүй. Тэд эрх чөлөөтэй хэвээрээ эргэн тойронд нь дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэцгээж л байна. 
 
Буу шийдэм агсан сүрийг үзүүлж оймс гозогнуулснаараа тэрээр олон улсын тавцан дээр бага зэрэг оноо авсан байж болзошгүй. Дотооддоо бол огт үгүй.Төрд итгэх түмний итгэл дээр ус цацаж орхисон. Энэ нь цааш цаашид ноцтой үр дагавар, муу уршгийг ч дагуулж болзошгүй.
 
Давхар дээлийг тайлуулна, дан дээлийг нөмрүүлнэ гэсэн. Мөн л биелсэнгүй. Засгийн газар нь УИХ-ын хүзүүн дээр зайдагнасан хэвээрээ. Ажилгүйдэл, ядуурлыг арилгана, ард түмнээ жаргуулна гэсэн. Үлгэр хэвээрээ цаасан дээр үлдлээ. Мөддөө хэрэгжих шинжгүй. Өргөн хэрэглээний барааны үнэ өртөг сар улирлаар бус өдөр хоногоор өсдөг болсон нь ард нийтийн амьжиргааг улам л дордуулсаар. 
 
Улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй болгох нь зөв гэж хүртэл тэр хэлсэн удаатай. АН, МАН аль аль нь давран оодорч төр, засгийн толгой дээр заларсан янзаараа. Хүн бүрт илэрхий мэдрэгдэж, гарт баригдаж нүдэнд үзэгдэж байгаа зүйл гэвэл өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа гадаад өрийн дарамт, дотоод үнийн өсөлт, тэнгэр газар адил зөрүүтэй баян хоосны ялгарал л байх шив дээ. 
 
Нобелийн энх тайвны шагналт, ардчиллын төлөө цогтой тэмцэгч хатагтай Аун Сан Су Чи Монголд ирээд буцахдаа “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас ч хортой” гэж сэрэмжлүүлчихээд явсан нь огт санамсаргүй ч үг байгаагүй бололтой. Хэлэх гэж л хэлсэн юм боловуудаа. Элбэгдорж Ерөнхийлөгч саяхан телевизээр “Цензургүй яриа”-нд орж сэтгүүлчийн асуултад хариулав. Өөртөө нэг л итгэл муутайхан байх шиг харагдана лээ. 
 
Уг нь гал цогтой түүдэг шиг л дүрэлзэж байдаг эр юмсан, яасан юм бүү мэд. Надад өрсөлдөгч байхгүй. Учир нь 2017 онд миний Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа дуусна. Тийм болохоор надтай өрсөлдөж дайсагналцах хүн байхгүй гэсэн утгатай үг амнаас нь унаж байна лээ. Юул бол... Сүүлийн үед эрх баригч намууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шаргуу зөвлөлдөж, Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс бус УИХ-аас олонхийн суудал авсан намуудын саналаар сонгодог болох тухай ярилцдаг боллоо. 
 
Яг үүнтэй зэрэгцүүлээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монголд парламентын засаглал хэрэггүй, харин ард түмэн Ерөнхийлөгчийн засаглалыг хүсэмжилж байна гэж тархи угаах болов. Энэ бүхний цаана юу юу нуугдаж байгаа бол? Арай хошгируулж байгаа юм биш биз!
 
* * * 
 
Бөөрөнхий бөмбөрцөг тэнхлэгээ тойрон эргэлдэж сарыг дагуулан нарыг тойрно. Замбуу тивийн нартайгаа хамт замилан орчлонгийн уудмаар хэсүүчлэн тэнүүчилнэ. Хаашаагаа явж байгаа, хаана хүрэхээр зорьж буйг хэн ч үл мэднэ. Бөмбөрцгийн бөөрөнд наалдаастай, Азийн цээжинд тэгнээстэй жижигхэн Монгол нэг нийгмийг халж, нөгөө нийгмээр сольж тэсч үлдэх гэж тэмцэн тэмүүлнэ. 
 
Шургачиж уначихгүйг хичээж, шударгуу байхыг мачийж нэг Ерөнхийлөгчийг халж, нөгөө Ерөнхийлөгчийг налж хэсэгхэнтээ ярвайж, хэсэгхэнтээ мишээж мянга мянган өдөр өчүүхэн ч зав чөлөөгүй. Харин хаашаа явж байгаагаа мэдэхийг хүснэ, хаана хүрэхээ мэдрэхийг зорино. Гэвч цагийн байдал ороо бусгаа. Удирдагчдын явдал шалдар булдар.
 
Улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвана. Улстөрийн намууд нь шалиг завхай, толгойлогчдынх нь нүд улаан, мөнгө цагаан. Алхам тутамдаа ард түмэндээ хайр зарлавч амлалтууд нь худал хуурмаг. Хөршүүдийнх нь зан ааш хаврын тэнгэр шиг хувьсамтгай, хүчтэй гүрнүүдийн санаа бодол арван нүүдлийн цаадах уран бэрийн нүүдлийг санагдуулна. 
 
Хүмүүсийнх нь аж амьдрал гантай зун шиг алаг цоохор, тарчиг ядмаг. Долоон голтой тулдаа л амь тасарчихгүй шиг шар өдөр, бор хоногийг туулан туучна. Үйлийнх нь үр гэгч энэ буюу.
 
 
Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн  Т.Баасансүрэн