sonin.mn
"Амгалан" дулааны станцын нээлт маргааш 10 цагаас болж, нээлтэд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар оролцоно.
 
Тус дулааны станц нийт 300 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай ба уг станц ажилд орсноор Улаанбаатар хотын зүүн хэсэг дулааны эх үүсвэрт холбогдож, тухайн бүсэд шинээр орон сууц барих боломж нээгдэх юм.  Мөн нийслэлийн зүүн бүсийн айл өрхүүд найдвартай дулааны эх үүсвэрт холбогдоно.
 
Түүнчлэн төсөл хэрэгжүүлснээр хотын дулаан хангамжийн систем найдвартай болохоос гадна одоогийн “ДЦС 4" ТӨХК- ийн ачаалал болон өсөн нэмэгдэж байгаа ачаалал буурах зэрэг эдийн засаг болоод нийгэм талаасаа олон сайн үр дагаврыг авчрах юм.
 
Төслийн төсөвт өртөг 75,9 сая ам.доллар бөгөөд 348 MBт буюу тус бүр 116 MBт-ын хүчин чадалтай 3 зуух, бүрэн удирдлагын компьютерийн систем, 2Ф700 мм-ийн диаметртэй, хойд урд хэсгийн 2 дулаан дамжуулах гаргалгаа бүхий дулааны шугам, 110 кВт-ын 2 хэлхээт 350 м цахилгаан дамжуулах агаарын шугам, цахилгааны дэд станц, түлш дамжуулах байгууламжууд, төмөр замын өргөтгөл, сүлжээний усны насос, шугам хоолой болон цахилгаан хуваарилах байгууламжийн барилга, тоног төхөөрөмжийн хамт суурилуулсан аж.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг