sonin.mn
НҮБ. /Xinhua/. Иракт мөргөлдөөний улмаас дотооддоо дүрвэсэн хүмүүсийн тоо 3.1 сая даваад байна гэж НҮБ-ын албан ёсны төлөөлөгчийн орлогч Фархан Хак мэдэгдлээ.
 
"НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын мэдэгдсэнээр, Иракийн Анбар мужид байлдааны ажиллагаа эрчимжсэний улмаас энэ оны дөрөвдүгээр сараас хойш дотооддоо дүрвэгсдийн тоо бараг 300 мянгаар нэмэгдсэн" гэж тэрбээр хэлэв.
 
Иракийн баруун нутагт орших Анбар муж бараг тэр чигтээ “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийн гарт ороод байгаа юм. Тус мужийн гол хот, суурингуудыг чөлөөлөхийн тулд Иракийн аюулаас хамгаалах хүчнийхэн хэдэн сар босогчидтой тэмцэж байна.
 
Дүрвэгсдэд хоол хүнс, ус, хоргодох байр болон бусад зүйл маш их хэрэгцээтэй байна гэж НҮБ-ын албаны хүмүүс хэллээ. Иракийн аюулаас хамгаалах хүчнийхэн болон “Лалын улс”-ын босогчдын хооронд цуст мөргөлдөөн эхэлсэн 2014 оны зургадугаар сараас хойш тус улсын аюулгүй байдал эрс дордсон билээ.
 
2014 оны нэгдүгээр сараас 2015 оны дөрөвдүгээр сарын эцэс хүртэлх хугацаанд тус улсад 14947 иргэн амь үрэгдэж, 29189 хүн шархаджээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг