sonin.mn
Монгол Улсад анхны чөлөөт, ардчилсан сонгууль зохион байгуулсны 25 жилийн ой энэ сарын 29-нд тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тус сонгуулийг зохион байгуулах Нутаг дэвсгэрийн комиссын гишүүн Л.Цэндсүрэнтэй уулзаж ярилцсанаа хүргэж байна.
 
-Анхны ардчилсан сонгууль зохион байгуулсаны 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Тиймээс нэн тэргүүнд тухайн үеийн сонгууль зохион байгуулах комисс байгуулагдсан түүхээс яриагаа эхлье?
 
-Анх 1990 оны тавдугаар сарын 15-нд тухайн үеийн БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар 25 хүний бүрэлдэхүүнтэй Нутаг дэвсгэрийн комисс гэж нэртэй байгуулсан. Намуудын төлөөлөл, Үйлдвэрчний эвлэл, малчин, эмэгтэйчүүд, ахмадын хороо зэрэг нийгмийн бүх давхаргаас төлөөлөл оруулсан. Даргаар нь Ж.Гүррагчаа, орлогч даргаар Б.Хурметбек, нарийн бичгийн даргаар Б.Шарбанди нарыг томилсон.
 
МСДН-ын Улс төрийн зөвлөлийн дарга Я.Балгансүрэн, МҮДН-аас Д.Ганболд, АН-аас Д.Дорлигжав, МАХН-аас Ц.Өөлд нар орж байсан. Миний бие боловсролын салбар болон МЧХН-/Монголын чөлөөт хөдөлөмрийн нам/-ыг төлөөлж орж байсан. Тухайн үед би Техникийн их сургуулийн Эрчим хүчний сургуульд багшилдаг байлаа.
 
МНН-аас хүн ороогүй. Залуучуудын төлөөллөөс одоогийн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, эмэгтэйчүүдийн төлөөллөөр Б.Дариймаа, МҮТЗ-/Монголын үлйдвэрчний төв зөвлөл/-өөс С.Чулуунбаатар зэрэг хүмүүс орж байсан.
 
Комисс байгуулагдсаны дараа АИХ-ын тэргүүлэгчдийн Хуулийн хэлтсийн дарга Д.Дэмбэрэлцэрэн бидэнд сонгууль хэрхэн зохион байгуулах талаар семинар зохион байгуулж байсан. Сонгуулийг тухайн оны 7 дугаар сарын 29-нд зохион байгуулахаар болж, Сонгуулийн төсвийг 4 сая төгрөгөөр баталж байлаа. Ингээд л ажил ундарч эхэлсэн дээ.
 
Тухайн үеийн сонгууль зохион байгуулах комиссыг түр хороо байсан гэж ярих нь бий. Үүний гол шалтгаан нь АИХ-ын зарлигаар байгуулагдсан Нутаг дэвсгэрийн комисс нь анхны чөлөөт сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй байсантай холбоотой. Гэхдээ энэ комиссын үндсэн дээр одоогийн Сонгуулийн ерөнхий хороо байгуулагдсан гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шууд түр хороо байсан гэж нэрлэх нь учир дутагдалтай юм.
 
-Анхны чөлөөт сонгууль учраас танин мэдэхүйн олон асуудал тулгарсан уу?
 
-Тийм. Иргэдийн сэтгэлгээнд олон намын систем гэдэг ойлголт огт суугаагүй байсан. Орон нутагт төдийлөн мэдээлэл хүрээгүй учраас зарим тойрогт МАХН-аас өөр намаас нэр дэвшигчдийг бүртгэхгүй, хүлээж авахгүй байх тохиолдол олон гарсан. Тухайлбал, та орон нутгийн аль нэг тойрогт АН-ыг төлөөлөөд сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлэхээр тухайн тойргийн хүмүүс нь “МАХН-аас өөр нам байхгүй. АН гэж мэдэхгүй” гээд бүртгэхгүй байсан тохиолдол гарсан.
 
Мөн шинэ намууд өөрийн гишүүдээ сонгуульд ажиглагчаар оруулах хүсэлт тавихад тойргууд мөн тухайн намуудыг нь сайн мэдэхгүй учраас ажиглагчийг нь хүлээж авахгүй байх тохиолол ч гарч байлаа.. Энэ мэт маш олон маргаан гарсан. Тийм учраас комиссын гишүүд орон нутагт томилолтоор ажиллаж, танилцуулга, суртал ухуулга явуулдаг байсан.
 
Комисст олон намын төлөөл байгаа учраас дотроо ч маргаан гарах магадлал өндөр байсан. Сонгуулийн комиссын Нарийн бичгийн дарга Б.Шарбанди гишүүдийг маш сайн зангидаж, “Та бүхэн аль намын төлөөлөл байх нь сонгуульд нөлөөлөх ёсгүй. Хамгийн анхны ардчилсан сонгуулийг зохион байгуулж байгаа тул намын өмнөөс бус Монголын ирээдүйн төлөө чин сэтгэлээсээ хичээж ажиллах ёстой” гэж захиж байсан.
 
-Иргэдэд олон намын систем болон санал өгөх мэдлэг олгох чиглэлээр ямар үйл ажиллагаа зохион байгуулж байсан бэ?
 
-Тухайн үед нэг намын системтэй олон жил явсан учраас орон нутгийн иргэд МАХН л “мөнх оршино” гэсэн сэтгэлгээтэй байлаа. Зарим газар шинээр бий болсон намуудын нэрийг ч мэдэхгүй байсан.
 
Тиймээс аймгуудын удирдлагуудыг дуудаж, сонгуулийн тогтолцоо, олон намын системийн талаар сургалт зохион байгуулж байсан. Мөн Хууль зүйн яамнаас Сонгуулийн хууль, намуудын танилцуулга болон олон улсын сонгуулийн ситемийн талаар материал бэлтгэж, иргэдэд тарааж, ухуулга хийж байсан.
 
-Иргэд хэр идэвхитэй сонгуульд оролцож байв. Анхны олон нам оролцсон сонгууль учраас иргэд санал өгөхөд асуудал гарч байсан байх?
 
-Иргэд маш идэвхитэй оролцсон. Сонгуулийн насны нэг сая 20 мянга орчим хүн бүртгүүлснээс 97.9 хувь нь саналаа өгсөн байна. Долдугаар сарын 29-нд эхэлсэн сонгууль тойргуудын маргаан, ирц хүрээгүй байдал зэргээс шалтгаалан дахин санал хураалт явуулах зэргээр тухайн оныхоо есдүгээр сарын 01 хүртэл үргэлжилсэн.
 
Тухайлбал, Дундговь аймгийн Өлзийт сум, Эрдэнэт хот, Хүдэрийн сангийн аж ахуй, Архангай аймаг зэргийг нэрлэж болно. Өмнө нь бол зөвхөн МАХН-аас ирсэн жагсаалтыг хараад сонгодог байсан бол гэнэтхэн олон намаас нэр дэвшигч гараад ирэхээр иргэд эхэндээ төөрөлдөж байсан.
 
-Сонгуулийн онцлогийг та хэрхэн харж байсан бэ?
 
-Өмнө нь нэг намаас нэр дэвшигчдийг дугуйлдаг байсан бол олон намаас нэг тойрогт 4-5 хүн нэр дэвшиж, иргэн чөлөөтэй сонголтоо хийх боломжийг бүрдүүлсэн нь гол онцлог нь байсан. Анхны ардчилсан сонгууль урьд хожид болсон сонгуулиудаас хамгийн өрсөлдөөнтэй нь байсан.
 
Зарим тойрогт 12 хүн нэр дэвшиж байсан тохиолдол бий. Тухайлбал, Нийслэлийн Биокомбинатад П.Жасрай, одоогийн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар өрсөлдөж байсан. Сонгуулийн дүнг харахад энэ хоёр хүнд өгсөн сонгогчдын санал тэнцээд дахин санал хураалт явуулж байсан удаа бий.
 
-Сонгуулийн үр дүн хэрхэн гарсан бэ?
 
-МАХН нийт сонгогдын 61.74 хувийн санал авсан. Харин АН 24.31 хувь, МҮДН 5.96 хувь, МСДН 5.53 хувь, МЧХН 1.24хувь, МНН 1.22 хувийн санал авсан. Энэ үед Сонгуулийн тухай хуулиар нийт сонгогчдын 2 хувиас дээш санал авсан нам АИХ-д орно гэсэн босго тогтоосон.
 
Үүний дагуу МЧХН, МНН хасагдсан. Энэхүү сонгуулиас сонгогдсон гишүүд 70 хоног хуралдаж анхны ардчилсан Үндсэн хуулийг баталсан. Энэ бол Монголын маш том дэвшил байсан юм. Нэг намын системээс олон намын системд шилжиж, анхны ардчилсан сонгуулийг 97.9 хувийн ирцтэй зохион байгуулж чадсан нь үндэсний бахархал.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг