sonin.mn
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр /2015.07.22/ И Жун Хү тэргүүтэй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн зөвлөх хорооны багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
 
Уулзалтын эхэнд ноён И Жун Хү, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлэв. Мөн тэрээр төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд захиргаа, төслийн мэргэжилтнүүд багтсан байгааг танилцуулаад, Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/ болон Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын хамтран хэрэгжүүлсэн “Цахим парламент” төслийн хэрэгжилтийг дүгнэн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох хүсэлтэй байгаагаа дуулгасан юм.
 
 
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, төлөөлөгчдийг тавтай зочлохыг уриад, “Цахим парламент” төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар товч танилцуулав. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар нь Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-тай хамтран олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн.
 
Энэхүү хамтын ажиллагааны түүхийн хуудсыг нэмсэн бас нэгэн чухал арга хэмжээ болох “Цахим парламент” төсөл нь 3.5 сая ам.долларын санхүүжилттэй, З жилийн хугацаатай. Монгол Улсын парламентыг цахим системд шилжүүлэх ажил 2013 онд эхэлсэн.
 
Төслийн хүрээнд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хороодын хуралдааны танхимуудад техник, технологийн орчин үеийн ололтыг тусгасан программ хангамж, дуу, дүрсний систем бүхий хуралдааны иж бүрэн цахим системийг шинээр суурилуулсан юм.
 
Үүний үр дүнд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд төдийгүй Байнгын, дэд, түр хороодын хуралдаанд цахим системийг ашиглах боломж бүрдсэн болохыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар онцоллоо.
 
 
Мөн тэрээр “Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблей бол үйл ажиллагаандаа техник, технологийн дэвшлүүдийг ашигладаг, энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэх туршлагатай. Техник, технологийн дэвшил, мэдээллийн хурдацтай хөгжлийн өнөө үед Монгол Улсын парламент дэлхийд тэргүүлэх энэхүү туршлагаас хуваалцан, нэвтрүүлж буйдаа баяртай байна.
 
Төслийн хэрэгжилтийн хугацааг манай талаас тавьсан хүсэлтийн дагуу урагшлуулсан. Бид Улсын Их Хурлын 2014 оны намрын чуулган, 2015 оны хаврын чуулганы хугацаанд “Цахим парламент” төслийн үр дүнг харж байна. Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, шуурхай, үнэн зөвөөр хүргэх боломж бүрдсэн. Төслийн үр дүнг Улсын Их Хурлын гишүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон Монгол Улсын нийт иргэд өдөр бүр хүртэж байна” хэмээн хэллээ.
 
 
Монгол Улсын парламентын энэхүү дэвшлийг бусад орнуудын парламентын Тамгын газруудаас өндрөөр үнэлж байгаа болохыг мөн энэ үеэр тэмдэглэн хэлж байв. Мөн төслийн хүрээнд цаашид хийх ажлуудын талаарх саналаа Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-д хүргүүлсэн бөгөөд Үндэсний Ассамблейн зөвлөх хорооны багийн төлөөлөгчид биечлэн танилцаж буйд баяртай байна хэмээсэн юм.
 
 
Уулзалтын дараа Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн зөвлөх хорооны багийн төлөөлөгчид “Цахим парламент” төслийн хүрээнд хийгдсэн ажлуудтай танилцлаа. Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд дээрх төслийн хүрээнд цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар төлөөлөгчидтэй харилцан санал солилцсон юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.