sonin.mn
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст ойрын өдрүүдэд айл өрх, машин техник хэрэгсэл усанд автсан дуудлага олноор иржээ. Онцгой байдлын хэлтэс шуурхай арга хэмжээ авч ажилласнаар 4 айл өрхийн 16 иргэн, 3 автомашин, аж ахуйн нэгж байгууллагад учирч болзошгүй 340 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг үер усны аюулаас авран хамгаалсан байна.
 
Үерийн улмаас дүүргийн 7, 22 дугаар хорооны зарим айл өрх усанд автаж, 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хилчин” хотхоны бохирын шугам бөглөрсөн аж. Үерийн усны улмаас хүний амь нас эрсэдсэн тохиолдол гараагүй бөгөөд дүүргийн ЗДТГ-ын зүгээс үерийн аюулаас сэргийлэхийг иргэддээ сэрэмжлүүлэх, үерийн аманд буусан айлуудыг нүүхийг шаардсан мэдэгдэл хүргүүлэх зэргээр холбогдох ажлуудыг хэрэгжүүлж байна.
 
Мөн дүүргийн Онцгой комиссын хуралдаанаар болзошгүй аюулаас сэргийлэх, шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллахаар шийдвэрлэжээ. Үерийн ус,  лаг шавар соруулах техник төхөөрөмж, хэрэгцээтэй багаж хэрэгслүүдийг Онцгой байдлын хэлтэст дүүргийн Засаг даргын нөөц сангаас хөрөнгө гарган авч өгөхөөр болов.
 
Түүнчлэн үерийн улмаас үүссэн лаг шавар, бохирыг цэвэрлэх, халдваргүйжүүлэлт ариутгал хийх,  үерт өртсөн хороодын иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эвдэрч гэмтсэн далан сувгийг сэргээн засварлах зэрэг ажлыг холбогдох байгууллагуудад нь даалгалаа.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг