sonin.mn
Эхлэл
 
Би бодлоо бэлчээж, үгээ хэлэхээр үзгээ авлаа. Тэмүүжин Чингисийн удам, тэнгэрлэг заяат монголчууд бид Ази тивийн элгэн дээр гурван саяулаа Чингисийн баатрууд шиг ажиллаж амьдарч байна гэж бодном. “Эзэн Чингисийн эрчилж давхарласан Монгол төрийн алтан аргамж, ариун бөгөөд алдаршгүй байхын төлөө би хичээн зүтгэх болно" гэж 2009.06.18-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тангараг өргөсөн өдрөө ард түмэндээ андгайлж хэлсэн билээ. 
 
Би сэтгүүлч хүний хувьд энэ үгийг бэлгэшээж байлаа. Бас тэгээд зогсохгүй ээ. “Үзэг сэлэмнээс хүчтэй болсон цаг доор, эрх чөлөө оршино гэж би итгэдэг” хэмээн “Онч үг” номондоо өгүүлсэн байдаг. Энэ бүхэн миний бахархал, аархлыг дэвэргэж, Тэмүүжин Чингисийн төрж өссөн тоонот нутаг, Хэнтий аймгийн Баян-Дадал сумын Дэлүүн Болдогоо бодох, бодлыг минь хөглөлөө.
 
Нэг. Түүх сөхье
 
Тэмүүжин Чингис даяар Монголоо төдийгүй төрж өссөн Дэлүүн Болдогоо дэлхийд цуурайтуулж, дэлхийд мандууллаа. Монголчууд бидний ярьдгаар дэлхийн найман настай балчраас наян настай буурлууд Чингисийн Монголыг сонсоод зогсохгүй, мэдээ, сонин, сэтгүүл мэдээллийн суваг, цэнхэр дэлгэц, компьютер, интернэтээс нүдээрээ харж бахархдаг, биширдэг болж байна. 
 
Дэлхийд нэрд гарсан түүхэн хүмүүс, алдартнуудыг хаана төрсөн, ямар ястан үндэстэн бэ? гэдгийг дэлхий нийтээрээ мэдэхийг хүсч, төрсөн газар нутаг, уусан ус, уул нуруу, газар шороог нь хүртэл сонирхдог болжээ. Тэмүүжин Чингисийн маань төрсөн үеийн түүхээс эхлээд тэнгэрт хальсан үе хүртэлх амьдралын үнэнийг Нууц товчоонд өгүүлсэн болохоор энд дахин нуршаад яахав... 
 
Гэтэл домог бол ард түмний ном гэж Карл Маркс хэлсэн байдаг. Домгийн зохиолч нь Ард түмэн гэжээ. Үүнээс үүдэн нэгэн домгийн талаар цухас дурдая гэж бодлоо. Учир нь Тэмүүжиний төрж өссөн Дэлүүн Болдогийг тойроод хаяа хаяагаа дэрлэн оршиж байгаа Дадал сумын ард зон, буриад өвгөд, баавай, ижийнүүдийн ярьж хөөрөлддөг байсан нэгэн домог, эрдэмтэн судлаачид, залуу үеийнхэнд маань хэрэг болж магад гэсэн бодлын үүднээс энд бичлээ.
 
Баян Дадалын баавай ижийнүүд энэхүү тэмдэглэл тэрлэгч миний багаханд 
 
Бид чинь хорь түмдийн ноён Хорилардай мэргэний гэргий Баргужин гуагаас төрсөн удамтай хорь буриад зон билээ. Ород-Буриадын нутаг Баргажин голын адаг Байгаль нуурын хөвөөнд буриад угсаатан амьдарч байхад Балжин хатан Ойхоны аралд амаржсан гэдэг гээд ярьж хөөрөлдөж суусан баавай ижийнүүд, чи альд вэ гэлцэж, удам судраа асууцгаана. Би Батай гээд баавайн ярихад ижий, хуацай,- халбин гэж удмаа тодотгох жишээтэй, тостой талх, мойлтой зөөхийгөө тамшаан, мөчөөрхөлдөж суудаг сан.  
 
Хорь түмний удам, буриад зон, хун шувуун гарвалтай, 11 эцгийн удамтай гэж ярьдаг. Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн сурвалжлагчийн асуултад хариулахдаа Бөртэ чоно, Хорилардай мэргэн, Алунгоо эх гээд бүгд буриад хүмүүс байсан шүү дээ гэсэн гээд, яриад бичээд байвал үг олдож үхэр холдох биз дээ. Есүхэй баатрын хүү болж Өүлэн эхээс мэндэлсэнТэмүүжин Чингисийн төрсөн нутаг, дэлхийд нэрээ гаргасан Дэлүүн Болдог дэлхийн анхаарал татсаар байна. 
 
Чингисийг анхааран судалдаг эрдэмтэн мэргэд аялал жуулчлалынхан, Хэнтий аймгийн Баян-Дадал сум Дэлүүн Болдогийг олноороо зорих болжээ. “Чингис хааныг судалж мэдье гэвэл Монголыг мэд Монголыг мэдье гэвэл Чингисийг мэд” гэсэн үг санаанд ургаж байна.
 
Тэмүүжиний төрж өссөн Дадал сумын нутаг Дэлүүн Болдогийн байгаль орчин, Онон, Балж, Агац голууд, Бурхан Халдун, Баянхаан, Баян-Овоо, Сантхаан, Бөртийн өндөр гэсэн өвгөн буурал уулс, үзэсгэлэйт сайхан ой мод, үрэл мойлоороо Монголын Швейцарь гэгддэг Хөвсгөлөөс давна уу гэхээс дутахааргүй сайхан. Энд хөхөө нь донгоддог хөвч хангайн нарсан ойн чөлөөнд 1962 онд Тэмүүжин Чингисийн гэрэлт хөшөө сүндэрлэсэн түүхтэй. 
 
Энэ хөшөөний боржин чулуун суурийг тавихад бойтог гуталтай, суран бүстэй баавайнууд шавар чулуу зөөлцөж, ижийнүүд хөшөө босоход хувин дүүрэн сүүгээ өргөж, хөх тэнгэртээ залбирч мөргөсөн түүхтэй. Түүнээс хойш тун удалгүй ардынхаа сэтгэлд ургаж, амилан боссон Чингисийн хөшөөг ад үзэж, ааш муутнууд унагаж, устгахаар зэхсэн түүх бас бий.
 
Буруу ишилсэн сүх гээд баавай нарыг буруутгаж байсан ч уурлаж, уухилсан баавайнууд удам судраа устгуулахгүй гээд улайрсан бухнууд шиг мөргөлдөөгүй. Урагшаа харж ухаалгаар тэмцэж, ялсан түүх бас бий. Тийм ээ, баавайнхаа баруун гараар хөтлүүлж явсан би баруун гараараа, болсон үнэнийг бичиж суунам. Хөшөөн Дээр:
 
“Алд бие минь алжааваас алжаатугай
 
Ахуй төр минь бүү алдартугай
 
Бүтэн бие минь зовбоос зовтугай
 
Бүрэн улс минь бүү сандартугай” 
 
гэсэн эзэн Чингисийнхээ андгайлж гэрээсэлсэн үгийг уйгаржин монгол бичгээрээ сийлбэрлэн шигтгэсэн нь сүрлэг агаад, монгол хүн бүхний сэтгэлд бахархал бас омогшил төрүүлэхээр. 
 
Түүх түүхийрнэ гэж байхгүй. Энэ тухай Тэмүүжин Чингисийн төрж өссөн нутаг Хэнтий аймгийн Дэлүүн Болдогт, Дадал сумын төвд босгосон энэ хөшөө Монголдоо төдийгүй дэлхийд боссон анхны хөшөө. Соцализмын согогтой үед захиргаадалт гэж загнуулж байсан тэр цагт, хөшөөг буулгаж устга гэсэн тамгатай бичиг дээрээс Дадал сумын дарга удирдлагууд дээр бууж байсныг нутгийн баавай ижийнүүд цөмөөрөө мэднэ. Би ч мэднэ. 
 
Чингис гэж ярихаас айн чичирч байсан 1960-аад оны социалист туршилтын үеийн МАХН-ын удирдлага, дарга сайдууд, уг хөшөөг босгох ажлыг анх санаачилж, гүйцэтгэсэн тэр үеийн МАХН-ын ТХ-ны улс төрийн товчооны гишүүн нарийн бичгийн дарга, Дарамын Төмөр-Очирыг суудлаас нь “мулт цохиж” буулгаад санаа нь амарсангүй хөшөөнд халдахаар завдсан хэрэг. 
 
Дэлхийд дарагдаж дийлдээгүй Чингисийнхээ хөшөөг хөнөөж устгах гэсэн хорон санаатнуудын үйлдлийг таслан зогсооход Баян Дадалын баавай нарын оруулсан хувь нэмрийг түүх мартаагүй. Хөшөө сүндэрлэсээр байна. 
 
Тархай бутархай улс аймгийг нэгтгэн Монголын нэгдсэн төр улсыг байгуулсан Чингис хаан Монгол түмэнд төдийгүй, дэлхий дахинд алдаршсан домогт баатар, их хаан билээ. 
 
Үүнийг батлах ойрхны нэгэн баримт сөхөж үзвэл 2008 оны 12-р сард АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны санаачилгаар Дэлхийн улс орнуудын удирдагчдын уулзалт БНХАУ-ын Хонконгт болсон зөвлөгөөн дээр Б.Клинтон “Хүн төрөлхтний хөгжил зогсож байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд улс төрийн удирдагч гэж алга. Миний үзэж судалснаар энэ дэлхийд цорын ганцхан удирдагч ажиллаж амьдарч байжээ. Тэр нь хэн бэ гэвэл Монголын Чингис хаан юм. Тэр их агуу түүхэн хүн Чингис хааныг нь Монголчуудаас судлах цаг болжээ’’ гэж хэлснийг уншаад би туйлын ихээр бахархаж, бардамнан бас баярлах сэтгэл төрснөө нуугаад ч яахав.
 
“Дэлхийн архив, түүхэн музей миний төрсөн нутаг Хэнтий аймгийн Баян-Дадал сумын Дэлүүн Болдогт байна” гэж өндөр дуугаар хэлмээр байна
 
Хоёр. Бидний бахархал
 
“... Эрх жаргалаа баталсан
 
Иргэн бүхний гараар
 
Тусгаар тогтнол чамайг
 
Тунхаглан бичнэ би...“ 
 
гэж Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн бичсэн шүлгийн мөрүүд бодолд байна. Монголчууд бидний бахархал бол тусгаар тоггнол, бие даасан байдал, хөгжил дэвшил билээ. Биднийг гэрэлт ирээдүй, сайн сайхан бүхэн тосч байна. Үүгээрээ бахархаж үнэнчээр хөдөлмөрлөж, өвөг дээдсээсээ суралцаж, оюутан сурагч бүхэн онц сурах хэрэгтэй. 
 
Өвгөдийн бүтээсэн гавьяа дээр өнөөгийн Монгол цэцэглэж байна гэж Монголын үндэсний олон нийтийн радио телевиз бичиглэн нэвтрүүлэг, мэдээ, мэдээллээ эхлүүлдэг болсныг сайшаан дэмжиж суунам. Энэ үг хоосон шалдан реклам биш ээ. Үнэнийг хөтөлсөн их замын эхэнд явдаг уриа лоозон, улаан туг гэж бодном. Тавь шахам жил МОНЦАМЭ-ээс эхэлж, Монголын радио телевизэд ажилласан хуучин цагийн өвгөн сэтгүүлчийн үг гэж зарим нэгэн шоолох байх.
 
Бидний даган дуурайх их өвөг дээдсийн тэргүүнд Чингис хаан түүний сургааль гэрээслэл байх учиртай. Тэрээр айл гэрээ додомдож чадагсад төр улсыг засч чадмой. Арван хүнийг захирч чадагсад мянга, түмэн хүнийг захирч чадмой, төр улсаа хамгаалж чадмой гэж сургамжилсан байдаг. Мөн түүнчлэн өглөө хэлснээ үдэш няцааж, үдэш хэлснээ өглөө нь мартаж явбаас ичгэвтэр биш үү гэж хэлсэн нь хүн бүхэнд сургамжтай. 
 
Бидний баярлан, баяжиж, бахархах юмны тэргүүнд ариун цагаан хөдөлмөр байх ёстой. Ард түмэн эх орноо амь шигээ хайрлан хамгаалж явсан ахмад үе, өвөг дээдэс маань бүгдээрээ ажиллаж чадсан. Амласнаа биелүүлж чадсан ачтай буянтай хүмүүс. Тэд алтан дэлхий дээр амьдарч яваа хэн боловч ажил хийхгүй ард түмнийхээ хөлс хөрөнгөнөөс хумсалж суувал хувхайрч дуусна. Авлигач нэгний алган дээр алт, архи тавиад алдар хэргэмд хүрсэн хүн ч байж магад. Тэгвэл үхлийн авсан дээр алт, архиа тавиад үлдэж чадах уу гэж асуумаар.  
 
Чингис хаан: Архинд автсан хүн сохор дүлий мэт болж дотроо ухаангүй, ажил үйлс нь цөм саармой гэж сануулсан байдаг. Архи савнаасаа бусдыг устгаж чаддаг хор тахал гэдгийг хүн бүхэн анхаармаар. Ард нийтээрээ ахмад үеийнхэн архидалтыг таслан зогсоохыг шаардаж байна. Ажлыг хүнд хөнгөн гэж ялгалгүй алгаа холтол хийж, атар газарт анхны шан татаж, алтан тариа алган дээрээ имэрч аваад эх газраа бүүвэйлэх мэт энхрийлэн, эрх чөлөөгөө эдэлж явсан ахмадууд ардчиллын туг атгалцаж явсан түүхтэй. 
 
Өвгөдийн үг үнэн. Бичигдээгүй хууль юм. Аугаа түүхтэй 21 дүгээр зуунд алдар нэрээ мөнхлөн бидний ажлын өдрүүд үргэлжилж байна. Далай багш монголчуудыг “Диваажингийн эзэд” гэж хэлсэн. Монгол гэдэг нь ариун дагшин газар гэсэн үг ажгуу.
 
БНСУ-ын нэрт эрдэмтэн Ким ёнг Хун "Би үгээр хэлж илэрхийлшгүй дэндүү сайхан мэдрэмжийг Монгол орноос олж авлаа. Уул ус байгаль дэлхий нь онгон дагшнаараа байгаа энэ сайхан эх оронд төрж өссөн монголчуудад атаархсан. Би бүр сэтгэлээ барьж чадахгүй, хашгирч уйлсан гэж бичсэн байна билээ.
 
Бас нэгэн баримт сөхье. Одоогоос 60 жилийн тэртээ Германы оюун ухаан судлаач эрдэмтэн О.Фогте "21 дүгээр зуунд монголчууд оюуны чадамжаараа дэлхийд тэргүүлэх боломжтой” гэсэн санал гаргаж байсныг түүхэнд тэмдэглэсэн нь бий. Энэ бүхнээс үзэхэд бидний монголчууд эв эеэ эрхэмлэж, эрдэм ажилдаа шамдаж чадвал Чингис хааныхаа гэрээслэлийг биелүүлж чадна гэдгийг дэлхий харж, чагнаж, байна.
 
Үүнийг батлах жишээ баримтууд ч тодорсоор. Хүүхэд залуучууд маань Монгол төрийн далбаагаа өндөрт өргүүлж, дэлхийн уралдаан тэмцээнүүдээс бүгд медальтай ирдэг боллоо. 1964 онд анх олимпод оролцох болсноос хойш манай тамирчдын амжилт жилээс жилд өсч алт, мөнгө, хүрэл медалиудыг авч аваргалах нь ердийн үзэгдэл болж байна.
 
Олон жилийн уламжлалтай Японы сумод Монголын тамирчид хүч түрэн орж, гурван аваргаа тодрууллаа гээд бичээд байвал дэлхийг доргиох хэмжээнд хүрч байна. Энэ бол Чингисийн Монголын бахархал. Эрх жаргалаа эдэлж яваа та бидний бахархал. Ази тивийн элгэнд анх мандуулсан Ардчилсан хувьсгалын маань үр дүн.
 
Манай дэлхий дээр 20 гаруй Монгол угсаатан байдаг. Үүнээс зургаан сая хүн нь Монгол хэлээр ярилцдаг гэсэн судалгаа гаргажээ. Одоогоор Монголд 5000 гаруй буриад байдаг. Хэнтий аймгийн Баян-Дадал сумын нийт иргэдийн 90 шахам хувь нь буриад, тэд Тэмүүжин Чингисийнхээ төрсөн нутагт ажил амьдралаа үргэлжлүүлж жаргаж байна.
 
1925 онд анх байгуулагдсан, Дадал сумын төв далайн түвшнээс дээш 800-гаад метрийн өндөрлөгт Баян-Овоо, Сантхаан гэсэн цэнхэр, хөх хөвч уулсын хөрсөнд сүндэрлэж байдаг юм.
Монгол түүхийн тулгуур бичиг “Нууц товчоо”-ны нэгдүгээр зүйлд гардаг Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Хэнтий аймгийн Баян-Дадал сумын нутаг Дэлүүн-Болдогийг дэлхийн диваажин гэж бодном.
 
Хавтгай цагаан Онон-Балж-Агацын ус, хаврын хатууд, ядарсан хүний, хөлс гаргадаг гэж Хүннүгээс гаралтай хүн нийгмийн хүрдэн дугуй дэлхий тойрох хугацаанд ярилцсаар ирсэн түүхтэй. Зун болохоор Онон мөрний ой хөвчид охин хөхөө донгодож, улаагана, мойл, уулаалзай цэцгээр далладаг юм. Нарт ертөнцийн салхи, найман шаргын дэлэнд наадаж, нуурын сайхан гурван нуур Дэлүүн Болдог Тэмүүжин хүүг тосч авсан тоонот нутаг. 
 
Баавай нарын барьж үүдийг нь нээсэн улаан дүнзэн байшин 100 жилийн нар салхи, бороо, цас үзсэн ч өнгөө алдаж өмхрөөгүй ханхайж байна. Энэ байшингийн гадаа эмээлтэй морьд янцгааж, амгай зуузай шаргин, дөрөөн чимээ ханхийж айлчид ирж буцсаар Заян наваа дуу замбуулин уяраан шуранхайлна. Баавайнд хүний хэрэглэдэг юм бүхэн бүрэн, барьсан талх, өрөм зөөхий, бадамлан ассан галтай пийшин дээр тарган шарын сээр, хавирга, дөрвөн өндөр пор пор буцалж, зэрлэг гахайн жирий, жигнэхэд бэлэн бууз байна.
 
Баавайн гадаа үүдэнд баавайн тэжээсэн банхар эзнээ хамгаалахад бэлэн этгээд гажуу андахгүй сэрүүн зүүрмэглэж хэвтэнэ. Энэ бол эрт цагаас уламжлагдаж ирсэн буриад айлын өнгө төрх “этнограф” түүх юм. Байгаль дэлхийн ааш араншин хувирч өөрчлөгддөг шиг үнэ цэнтэй дурсамж өнгөө алдан бүдгэрч, бууралтан алга болдог.
 
Түүх намтар, дурсгалт газар, байгалийн сайхан бүхнээ хамгаалсан, архивлаж хадгалж хойч үеийнхэндээ үлдээн мөнхжүүлэх нь бидний үүрэг, өвгөдийн маань үлдээсэн захиас даалгавар. Батаар, үлэг гүрвэл, динозаврийн ганцхан өндөг нь газар хотойм үнэ цэнтэй гэлцэнэ. Үүнээс хэд дахин үнэтэй эрдэнэ, эцэг өвгөдийн маань үлдээж өвлүүлсэн эх орон газар шороо маань билээ. 
 
Эмээлнээсээ буулгүй явж эх орноо мандуулсан эзэн Чингис хаанаа мартах эрх монгол хүнд байхгүй. Бусдаас аваагүй ухаан, бусдад заяагаагүй эрдэм Чингис хаанд байжээ. Дээлийн нь хормойноос татаж дэлхийд боссон монголчууд эзэн хаанаа дуулахгүй юм бол өөр хэн дуулах юм бэ. Бөмбөрцөг дэлхийн бөөрөн дээгүүр бойтог өмсөж анх алхсан би баяр наадамд гоёхдоо бойтгоо голоод яанам бэ. 
 
Мөр дарсан насныхаа, тоос шороог сэгсэрч, мөрөн Онон-Балж-Агац руугаа амаа таталгүй тэмүүлнэ. Мөрөө гаргасан газраа мөлжөөд мартсан шагай минь, мөн ч их хүлээгээд янцгааж дуудах шиг санагдана. Хөдсөн дээлтэй улаалзай гэж хөөрхөн даруухан басгадаа басамжилж шоолсныг минь өршөө. Тэнэмэл хоноцыг тоохгүй тэнгэрт байх шиг харагддаг Баян-Дадалын басгад үнэртэн сүрчиг тоохгүй ээ. 
 
Өргөн Онон-Балжийнхаа үнэр анхилуулж угтдаг юм. Нас ахиж насны морь холдох тусам, өвөг дээдсийн маань сургаж хэлсэн дурсамж, дахин дахин бодогдон хань болж хөөрөлдөн зөвлөх нь сайхан юм. Бие өтлөхөөс биш сэтгэл өтөлдөггүй гэсэн өвгөдийн үг үнэн ажээ. Өвгөн түүхээ өвлөн сэтгүүлч түр завсарлая.
 
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, яруу найрагч Дашболхойн Дамбадаржаа