sonin.mn
Хүн, малын гоц халдварт Боом өвчнөөр өвдсөн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн малчин Б-ын биеийн байдал сайжирсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
 
Өнгөрсөн зургадугаар сарын 25-нд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн малчин Б, Ц нарын 9 адуу халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын хэлтэст ирүүлжээ.
 
Уг дуудлагын дагуу сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь тогтоогдсон. Үүний дагуу иргэн Б-г шинжилгээнд хамруулахад “Боом” өвчин туссан нь тогтоогдсон юм. Иргэн Б одоогоор аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
 
Одоогоор 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний голомтод тогтоон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа билээ.
 
Тухайлбал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн “Хөх сайг” болон Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Сүүл толгой”-д “Галзуу” өвчнийн голомт илрээд байгаа юм. 
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг