sonin.mn
Монгол Улсын Шадар сайдын урилгаар 2015 оны 7 дугаар сарын 22-ноос 23-ны өдрүүдэд НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын (ДОӨБ) Ерөнхий захирал Доктор Фрэнсис Гарри Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Ф.Гарри нь ДОӨБ-ын Ерөнхий захирлаар 2008 онд сонгогдсон бөгөөд 2014 онд улиран сонгогдсон юм. 
 
ДОӨБ нь 1967 онд байгуулагдсан НҮБ-ын төрөлжсөн байгууллага бөгөөд Женев хотноо байрладаг, дэлхийн 188 улс гишүүнээр нь элссэн юм. Монгол Улс ДОӨБ-ын гишүүнээр 1979 онд элссэн бөгөөд ДОӨБ-ын 14 олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орсон болно.
 
ДОӨБ нь Монгол Улстай оюуны өмчийн тогтолцоог боловсронгуй болгох талаар бодлогын зөвлөгөө, арга зүйгээр хангах, бүтээлч сэтгэлгээ, инновацийг хөхиүлэн дэмжих, оюуны өмчийн мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, оюуны өмчийн салбарын мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах зэрэг чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх зэрэг олон талаар идэвхтэй хамтран ажиллаж байгаа билээ. 
 
Энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол Улсад оюуны өмчийн тогтолцоог цаашид боловсронгуй болгох, Монгол улсад зохион бүтээх үйл ажиллагааг дэмжих, Монгол Улсын Засгийн газар, ДОӨБ хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцох, технологийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол Улсад технологи, инновацийг дэмжих төвүүдийн сүлжээг байгуулах тухай” гэрээ байгуулах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэх юм. 
 
Дашрамд тэмдэглэхэд, ноён Гарригийн айлчлал зөвхөн Монгол Улсыг зорьсон айлчлал болж байгаагаараа онцлог байна.