sonin.mn
Монгол Улсын Архивын ерөнхий газар /АЕГ/ болон БНХАУ-ын Төрийн архивын удирдах газрын хамтын ажиллагааны хүрээнд АЕГ-т архивын шинэ техник хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
 
Архивын ерөнхий газар нь өнгөрсөн оны долдугаар сард БНХАУ-ын Төрийн архивын удирдах газартай хамтран ажиллах гэрээ байгуулахаар албан ёсны айлчлал хийж байсан бөгөөд энэ үеэр хоёр улсын архивын салбарт хамтран ажиллах 2015-2016 оны төлөвлөгөөг хэлэлцэн тохирсон юм.
 
Мөн энэ үеэр Монгол-Хятадын харилцааны тухай архивын баримт бичгийн эмхэтгэлийг хамтран бэлтгэж нийлүүлэх, Монгол Улсын архивчдын төлөөллийг БНХАУ-ын архивын үйл ажиллагаатай танилцуулах, архивын техник хэрэгслийн хангамжийг сайжруулахад БНХАУ-ын талаас туслалцаа үзүүлэх зэрэг асуудлыг харилцан тохиролцжээ.
 
Үүний дагуу цаас зүсэгч машин, гар аргаар ном дарагч машин,  цаас зүсэгч гар зүсэгч машин, баримтын сканнер, хавтгай сканнер зэрэг архивын техник хэрэгслийг буцалтгүй тусламжийн хүрээнд тус улсын ЭСЯ-аар дамжуулан ийнхүү хүлээлгэн өглөө.
 
Тус ёслолын ажиллагаанд Монгол Улсын АЕГ-ын удирдлагууд болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Ян Чин Дон, Соёлын зөвлөх Ли Вэй, нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэ Бө, Элчи сайдын зөвлөх Ван Чиан нар оролцлоо.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг